Өвдөөд эдгэчихвэл амар гэж эндүүрэх хэрэггүй

“Коронавирусийн халдвар нэгэнт тархсан юм чинь өвдөөд эдгэчихвэл амар юм биш үү” гэсэн үг цөөнгүй хүний амнаас гарч байна. Халдвар авах, өвдөх амархан. Багахан сэрэмж алдахад л коронавирусийн халдвар авч, өвдөнө. Вакцинтай, элдэв архаг хууч өвчингүй бол өвдөлтийн явц тийм ч хүнд биш. Хүмүүсийн ярьж байгаагаар ханиад. Эмчийн заавраар эм тан ууж, гэртээ 10 хоноход эдгэчихнэ. Гэхдээ жинхэнэ асуудал өвдөөд эдгэсний дараа үүсч байна.
-
Маш их ядарч, бие бүхэлдээ сульддаг.
-
Өмнө нь хөнгөн хэлбэрээр өвддөг байсан өвдөлтүүдийг сэдрээж, эмнэлгийн тусламж авах хэмжээнд хүргэдэг.
-
Зүрх байнга савладаг.
-
Ажлын ачаалал даахгүй болдог.
-
Олон төрлийн витамин ууж, чанартай хоол хүнс хэрэглэсэн ч бие сэхэл авдаггүй.
Энэ мэтээр коронавирусийн халдвараар өвдөөд эдгэсний дараа олон зовиур илэрч байна. Харахад цоо эрүүл мэт боловч ямар ч эрч хүчгүй сульдаа болж, өмнө нь мэдрэгдэх төдий байсан өвдөлтүүдийг сэдрээж буй нь коронавирусийн халдварын хамгийн том хор уршиг. Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүсийн биед иймд өөрчлөлт гарч байхад хүндээр өвдсөн хүмүүст илүү олон асуудал тулгарах нь мэдээж. Тиймээс халдвар аваад эдгэчихвэл амар гэж эндүүрэх хэрэггүй.
Эрүүл мэндийн салбарынхан халдвар авахгүй байх, нэгэнт халдвар авсан бол эмчлэхэд илүү анхаарал хандуулж буй. Харин халдвар аваад эдгэсний дараах эмчилгээ сувилгааг орхигдуулсан. Эдгэсний дараа ямар эмчилгээ сувилгаа хийх талаар дорвитой зөвлөгөө зөвлөмж байхгүй. Сайн ид, сайн унт, агаарт алх гэснээс өөрцгүй. Тиймээс ч олон олон хүн халдварын дараах үеийг хэрхэн даван туулахаа мэдэхгүй, ядарсан сульдсан, өвдсөн биетэйгээр ажил, амьдралаа залгуулж яваа.
Мэдээж, халдвар авахгүй байх магадлал тун бага. Хот, хөдөөгүй халдвар тархаж, өдгөө дельта хувилбарын тархалтын үе эхэлснийг эрүүл мэндийн салбарынхан сануулж буй. Тэглээ гээд халдвар аваад эдгэчихнэ гэж назгайрч, хайнга хандах асуудал огт биш. Халдвар авах, өвдөх нь цаг хугацааны асуудал байж болох ч эдгэсний дараах зовиурт хязгаар алга. Эрүүл мэндийн салбарынхан өвдөөд эдгэсний дараах шинж тэмдэг 3-6 сар хүртэлх хугацаанд ажиглагдана хэмээн мэдэгдсэн ч энэ зовиур тухайн хүний биеийн байдлаас нь мэдээж.
Тиймээс өвдөх гэж яарах хэрэггүй. Халдвар аваад эдгэчихвэл илүү амар, дахин халдвар авахгүй гэж эндүүрэх хэрэггүй. Дахин халдвар авахгүй гэсэн 100 хувийн баталгаа байхгүйгээс гадна өвдөөд эдгэсний дараа жинхэнэ асуудал, зовиур илэрч буйг санаарай. Халдварын вирус таны биеийг урт хугацаанд сул дорой, сульдаа болгож, эргэж сэхэх боломжийг тийм ч амархан өгдөггүйг өвдөөд эдгэсэн хүмүүс сануулсаар буй шүү. Дээр нь танд хөнгөн хэлбэрээр тусна гэсэн баталгаа байхгүй. Хүндэрч амь насанд хүрэхийг ч үгүйсгэх аргагүй учраас алгуурлаж болохгүйг дахин сануулъя.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ