БНХАУ: Сурагчдын ачааллыг бууруулж, бага ангиас шалгалт авахгүй

Хятадын эрх баригчид боловсролын салбарын шинэчлэлтүүдийг ээлж дараалан хийсээр байна. Тэр дундаа сурагчдын ачааллыг бууруулах тал дээр дорвитой арга хэмжээ авч байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор шинэ шаардлагуудыг боловсруулан гаргажээ.
Тодруулбал, бага сургуулийн нэг болон хоёрдугаар ангийн сурагчдаас бичгээр шалгалт авахыг хориглосон байна. Харин бусад бага ангиудад улиралд нэг л шалгалт авахыг зөвшөөрчээ. Ийнхүү улирлын эцсийн шалгалт авахдаа ердийн сургалтын хөтөлбөрөөс хальж болохгүйг анхааруулжээ.
Мөн шинэ журмаар шалгалтын дүнг олны өмнө танилцуулж болохгүй. Сургуулийн захиргаа шалгалтын дүнгийн талаар гагцхүү эцэг эх болон сурагчдад өөрт нь л мэдээлэх ёстой аж. Түүнчлэн энэ хичээлийн жилээс эхлэн энгийн болон гүнзгийрүүлсэн сургалттай анги гэж хуваахыг хоригложээ.
Өмнө нь Хятадын эрх баригчид сурагчдын гэрийн даалгаврыг багасгах, нэгээс 10 дугаар ангийн сурагчдад нэмэлт сургалтаар дарамт учруулахыг хориглосон юм. Шинэ журмаар сурагчид гэрийн даалгавраа хийж амжаагүй байсан ч эрт унтаж амрах ёстой аж. Мөн цахимаар орох нэмэлт сургалтууд сурагчдын харааг хамгаалах тал дээр онцгой анхаарах ёстой. Цахим сургалт 30 минутаас илүү хугацаагаар үргэлжилэхгүй, хоорондоо 10 минутын завсарлагатай байхаар шинэ журамд тусгажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ