МАН-ынхан Ерөнхий сайдын зөвлөх, экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг эсэргүүцэв

Экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон тооны бус зөвлөхөөрөө ажиллуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан МАН-ын зарим гишүүд сошиалд эсэргүүцлээ илэрхийлж байна. Тухайлбал, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар "Эсгий хийх газар нохой хэрэггүй" гэжээ.
Экс Ерөнхийлөгч Х.Баттулга, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нарын зөрчилдөөн эртнээс эхтэй. У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхимаас Ерөнхийлөгч Х.Баттулга Ч.Хүрэлбаатарын нэрийг л буцааж байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын улсын төсөв дээр ч хэдэнтээ хориг тавьж байсан билээ, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа. Гэхдээ Ч.Хүрэлбаатар зөвхөн намын даргынхаа орон тооны бус зөвлөхыг эсэргүүцээд байгаа юм биш. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "АН-ыг самарсан, одоо МАН-ыг..." хэмээн цахимд хуудсандаа байр сууриа илэрхийлжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийг шүүмжлэх, эсэргүүцэх фракц МАН-д байтугай УИХ дахь бүлэгт байгааг дээрх хоёр гишүүний байр суурь илэрхийлж байна. Саяхан АН-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт гарын үсэг зурах гишүүдийн тоо бүрдсэн гэх бор шувуу нисч, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үүнийг үгүйсгээгүй. УИХ дахь АН-ын бүлэг хийгээд бие даагчид нийлээд ч Л.Оюун-Эрдэнийг огцруулах гарын үсгийн тоо бүрдэхгүй. Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүдийн 4/1 буюу 18 гишүүн гарын үсэг зурж байж өргөн барьж хэлэлцүүлэх заалттай. Дээрх мессэж эрх баригч хүчний дотоод хагарал гадагшаа сэвэлзэж байгааг илтгэсэн. Харин энэ удаад экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг зөвлөхөөрөө авсан нь МАН-ын бүлэг фракцын үл ойлголцлын дөл дээр шар тос нэмлээ. Гэхдээ л дээрх асуудал үүснэ гэдгийг экс Ерөнхийлөгч Х.Баттулга ч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч тооцоолсон байгаа. Улс төр эрх ашиг үйлчилдэг хойно, галыг хэрхэн намжаах дараагийн алхам ч бий биз.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ