ФОТО: 100 дахь хичээлийн шинэ жил эхэллээ

Монгол Улсад орчин цагийн боловсролын систем үүссэний 100 дахь жил 2021-2022 оны хичээлийн жилд тохиож байна. Энэ хичээлийн жилд
1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд
854 сургуульд 718.817 сурагч
75 МСҮТ-д 40.165 суралцагч
88 дээд сургуульд 150.100 оюутан суралцахаар өнөөдрөөс хичээлдээ орлоо. Мөн энэ жил улсын хэмжээнд 81 мянган зургаан настан сургуулийн босго алхаж буй юм. Цар тахлын нөхцөл байдлаас энэ жилийг хичээлийг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Цахимаар зохион байгуулагдаж буй хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Монгол Улсын Засгийн газар эрсдэл дагуулсан шийдвэрийг зоригтой гаргаж, 09 дүгээр сарын 01-нд хичээлийн шинэ жилийг эхлүүлж байна. Монгол Улсад орчин цагийн боловсролын систем үүссэний 100 дахь жилийг ойг багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, хүүхэд багачуудтайгаа нээж байгаадаа баяртай байна" гэдгийг онцоллоо.
Мөн тэрбээр "Эрсдэл бүхэн боломжийг дагуулдаг. Олон жил ярьсан цахим боловсролыг бодит ажил хэрэг болгож чадлаа. Ковидын үед боловсролын салбар хамгийн том хохирлыг амссан. Гэхдээ энэ цар тахал бидний ирээдүйг, сурах боломжийг хулгайлж чадаагүй. Энэ жилийн хичээлийн хамгийн том онцлог нь танхим болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр явагдах боломж нөхцөл бүрдсэн. Одоо бид барьц алдахгүй. Нөхцөл байдал яаж ч муугаар эргэсэн бид барьц алдахгүйгээр бэлтгэл хангагдсан" гэсэн мэдээллийг өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ