Экс Ерөнхийлөгчийн хүү Э.Батшугар, Улсын баатар Э.Бат-Үүл нар нэг тойрогт хүч үзнэ

УИХ-ын нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодрууллаа. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 10 дугаар сарын 10-нд нөхөн сонгуулийн санал хураалт болно.
МАН-ын бага хурал хурлаар Э.Батшугарыг 95 хувь, Ц.Идэрбатыг 97.8 хувийн саналаар нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр тус тус баталжээ.
АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Э.Бат-үүлийг, 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар нарыг тус тус нэр дэвшигчээр батламжилсан байна.
Харин УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт парламент дахь гурав дахь хүчний төлөөлөл Зөв хүн-Электрат эвслээс ХҮН-ын дарга асан Б.Найдалааг нэр дэвшүүлсэн. Мөн Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар гээд бусад нам, эвслийн дарга нар өрсөлдөх юм билээ.
МАН, МАХН-ын нэгдсэн хамтын ажиллагааны тохироогоор эрх баригч хүчнээс нөхөн сонгуульд нэр дэвших эрхмээр Н.Энхбаярын хүү Э.Батшугар эртнээс яригдсан нь ийнхүү биеллээ оллоо.
Сөрөг хүчин АН-ын энэ тойрогт нэр дэвшсэн нийслэлийн АН-ын дарга, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн тухайд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг Сонгинохайрхан дүүрэгт нүүлгэн шилжүүлнэ, тус дүүргийг нийслэлийн төв болгоно гэж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн түүхтэй. Тиймээс ч тэр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн тохиолдол хэлэх үг, хийсэн ажилтай эрхэм.
Ямартай ч нийслэлийн нөхөн сонгуулийн тойрогт өрсөлдөөн ширүүхэн явагдахаар боллоо. Тэр дундаа МАН-аас экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар, АН-аас нийслэлийн Засаг дарга асан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл нарын хооронд ширүүхэн өрсөлдөөн болно гэж үзэж байна. Тиймээс ч экс Ерөнхийлөгчийн хүү, Улсын баатар хоёрын хэн нь Сонгинохайрхан дүүрэгт илүүрхэхийг ажиглагчид сонжоод эхэлсэн.
Бусад нэр дэвшигчдийг ч басч болохгүй.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нөхөн сонгуульд оролцох есөн нам, нэг эвсэл энэ сарын 6-ны дотор СЕХ-нд нэр дэвшигчээ бүртгүүлэх юм.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ