АНУ криптовалютаас татвар авна

img

Цахим валютад татвар ногдуулах журмыг ойрын үед танилцуулна гэж АНУ-ын эрх баригчид мэдэгджээ. Энэ нь трейдерүүдийн шүүмжлэлтэй тулгарсан ч цаашдаа цахим мөнгөний худалдааны системийг бэхжүүлэхэд энэ шинэ журам томоохон ач холбогдолтой гэж Блүмберг агентлаг мэдээлжээ. 

 

АНУ-ын оршин суугчид аливаа орлогоосоо орлогын албан татвар төлөх ёстой ч цахим валютын хөрөнгө оруулагчид ийм татвар төлдөггүй байна. АНУ-ын татварын алба олон жилийн туршид цахим валютын гүйлгээнээс олсон орлогоо мэдүүлэх шаардлагатай гэж анхааруулж байсан ч цахим валют олборлогч, худалдаачид энэ шаардлагыг биелүүлдэггүй байжээ. Тиймээс албан журмаар татвар авахаар болсны дээр 10 мянган доллараас дээш үнийн дүнтэй гүйлгээний нарийвчилсан мэдээллийг ч мөн шаардах аж.

 

Америкийн сенат өөрсөдтэй нь урьдчилан зөвлөлдөлгүйгээр шинэ журам гаргаж байгаад криптовалютын биржүүд болон зах зээлийн бусад оролцогчид ихээхэн дургүйцэж байгаа гэнэ. Шинэ журам нэвтэрснээр үр дагавар нь ямар байх нь тодорхойгүй хэмээн тэд үзэж байгаа аж. 

 

Харин АНУ-ын эрх баригчид криптовалютын гүйлгээнээс татвар авснаар холбооны төсөвт ойролцоогоор 28 тэрбум доллар орно хэмээн тооцоолж байгаа юм байна. Ийм хэмжээний татварын орлогыг дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. 

 

Энд дуулгахад, АНУ-д бусад олон орны адилаар өнөөг хэр нь цахим мөнгөний зах зээлтэй холбоотой нарийвчилсан хууль, тогтоомж гараагүй юм. Хамгийн сүүлд 2014 онд гарсан эрхзүйн актад криптовалютыг валют биш харин өмч гэж тодорхойлжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ