Австралийн Ерөнхий сайд вакцинд хамрагдаагүй ахмад настнуудад захидал илгээнэ

img

 

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон коронавирусийн вакцинд хамрагдаагүй, 60-аас дээш насныханд хандан АстраЗенека вакцин тариулахыг уриалсан захидал бичжээ. Ахмад настнууд АстраЗенека вакцин тариулахгүй бол Пфайзер вакцин тариулах дарааллын хамгийн сүүлд үлдэнэ хэмээн Ерөнхий сайд онцолсныг Nine News суваг дамжуулсан байна.

 

"Австралийн бүх оршин суугч, тэр дундаа 60-аас дээш насныхныг коронавирусийн вакцинд хамрагдахыг би уриалж байна" хэмээн Моррисон бичжээ.

 

Ерөнхий сайд ийнхүү захидал бичих болсон нь Австрали тун удахгүй коронавирусийн халдвараас сэргийлэх хязгаарлалтуудыг цуцлах үед олны хөдөлгөөн нэмэгдэж, ингэснээр вакцинд хамрагдаагүй ахмад настнууд илүүтэй эрсдэлд өртөх нөхцөл үүсэж болзошгүйтэй холбоотой гэнэ.

 

Австралийн Ерөнхий сайд Моррисон, Эрүүл мэндийн сайд Грег Хант, эрүүл ахуйн ерөнхий эмч профессор Пол Келли нарын гарын үсэгтэй энэхүү захидлыг вакцинд хамрагдаагүй 500 000 хүнд илгээхээр болжээ.

 

Энд дуулгахад, Австрали улсад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 56212 бүртгэгдсэнээр 1012 хүн нас барсан байна. Тус улс дархлаажуулалтад онцгойлон анхаарч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 20 сая тун вакцин тарьжээ. Түүнчлэн хүүхдүүдийг коронавирусийн халдвараас сэргийлэхэд онцгойлон анхаарна гэж Австралийн Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна. Вакцин гараад үр дүн нь батлагдаагүй үед хүүхдүүдийг ийм вакцинаар дархлаажуулж болохгүй хэмээн буруутгаж байгааг ямар ч үндэслэлгүй хэмээн Эрүүл мэндийн сайд цохон тэмдэглэжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ