Талибууд болзлыг хангавал Герман Афганистанд туслахад бэлэн

img

Герман улс Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэнэ. Гэхдээ хэд хэдэн болзолтой. Тухайлбал, "Талибан" хөдөлгөөн хүртээмжтэй засгийн газар байгуулах, хүний эрхийг хангах зэрэг нөхцлүүдийг биелүүлвэл Герман улс туслахад бэлэн гэж ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгджээ. 

 

Германы Гадаад хэргийн сайдын үзэж байгаагаар, Афганистанд талибууд орж ирсэнээс хойш "шинэ бодит байдал" үүссэн гэнэ. Тиймээс Европын холбоонд "шархаа долоох цаг байхгүй", Афганистантай холбоотой байр сууриа "нэн яаралтай" тодорхой болгох ёстой гэж Маас мэдэгджээ.

 

"Афганистан дахин алан хядагчдын орогнох газар болохгүйн тулд хүний үндсэн эрхийг хангах засгийн газар байгуулагдаасай гэж бид хүсэж байна. Тодорхой нөхцлүүдийг биелүүлсэн тохиолдолд бид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн төдийгүй Афганистаны хөгжлийг  дэмжинэ" хэмээн Европын холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалтын өмнө Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгджээ.

 

Түүнчлэн, тодорхой нөхцлүүдийг талибууд биелүүлвэл Кабул дахь дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагаагаа нээхэд бэлэн гэж Германы Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна. Европын холбоо нутгийн оршин суугчдад туслахын тулд Афганистан дахь "дипломат ажиллагааг" хангах ёстой хэмээн Хайко Маас онцолжээ. 



Эргэн сануулахад, "Талибан" хөдөлгөөн наймдугаар сарын дундуур Афганистаныг эзэлснээ зарлаж, улмаар АНУ болон Европын орнууд цэргүүдээ төдийгүй олон мянган афган хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн юм. Нийтдээ энэ хугацаанд 123 мянган хүнийг Афганистанаас нүүлгэн шилжүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ