Цөлийн дунд хот барина

Данийн архитекторч , BIG товчоог үүсгэн байгуулагч Бьярке Ингельс АНУ-д элсэн цөлийн дунд Телоса нэртэй хот барихаар болжээ. Энэ хотод таван сая хүн амьдрах боломжтой болно гэж Dezeen мэдээлжээ.
Элсэн цөлд 150 мянган акр газарт "оргүй хоосон"-оос хот босгох санааг бизнесмен Марк Лоре гаргажээ. Хотын төслийг боловсруулагчид "дэлхийн хамгийн экологийн цэвэр хот" байгуулах зорилго өмнөө тавьсан байна. Тэдний төлөвлөснөөр, 2030 он гэхэд Телоса хотод 50 мянган хүн амьдрах бол дараагийн 40 жилийн туршид энэ хотын хүн амын тоо хэдэн саяд хүрэх гэнэ.
"АНУ-д хотын амьдралын олон улсын стандарт тогтоож, хүний нөөц боломжийг өргөжүүлэн, ирээдүй хойч үед үлгэр жишээ болохуйц хотыг байгуулна гэж бид зорьж байна" хэмээн төслийн багийнхан мэдээлжээ.
Хотыг хэд хэдэн дүүрэгт хуваах бөгөөд нэг акр газарт 33 хүн байхаар тооцоолсон байна. Барилгуудыг экологид ээлтэй материалаар барих бол барилгын гадна хэсгийг хэсэгчлэн ургамлаар бүрхэж, харин зам дээгүүр автомат тээврийн хэрэгслүүд зорчих гэнэ. Телоса хотын төвд "Эквитизм" нэртэй цамхаг бүхий цэнгэлдэх хүрээлэн байх бөгөөд энэ цамхагийн оройд орчныг харах талбай байгуулахаар төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ