Путин: Курилийн арлууд дээрх бизнесийг дэмжиж, татвараас чөлөөлнө

ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн форум үргэлжилж байна. Өнөөдөр, есдүгээр сарын гуравны өдөр энэ форумын нэгдсэн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин биечлэн оролцож байгаа юм.
Энэ үеэр тэрбээр Курилийн арлууд дээр татварын онцгой дэглэмийг бий болгох талаар мэдэгдлээ. "Курилийн арлууд дээр 10 жилийн хугацаатай татварын хөнгөлөлт дэмжлэг үзүүлнэ. Ийм журам үйлчилсэнээр аялал жуулчлал, соёл урлаг, загас боловсруулах зэрэг салбаруудад дорвитой үр дүн гарна гэж бид найдаж байна" хэмээн Путин мэдэгджээ.
Энд дуулгахад, Курилийн арлууд нь ОХУ-ын Сахалин мужид багтдаг, Японы Хоккайдо арлаас Камчаткын хойг хүртэл 1300 км сунан тогтсон цувраа арлууд юм. Агнуурын тэнгис болон Номхон далайг зааглах тус арлууд нь 56 арал, олон жижиг хадан цохионоос бүрдэнэ. Курилийн арлуудыг ОХУ бүхэлд нь хяналтдаа байлгадаг ч өмнөд үзүүрийн дөрвөн арал нь Японтой маргаантай байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ хэсэг газар нутаг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон ч Японы тал Итуруп, Кунашир, Шикотана болон бусад жижиг арлуудыг өөрсдийнх нь эзэмшлийнх хэмээн маргадаг. Тиймээс ч энэ хоёр орны хооронд өнөө хэр энхийн гэрээ байгуулагдаагүй юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ