Эндрю Парсон: Паралимпийн тамирчид хүн төрөлхтөнд итгэл найдвар бэлэглэлээ

Есдүгээр сарын тавны ням гарагт Японы нийслэль Токио хотноо Паралимп-2020 өндөрлөлөө. Коронавирусийн цар тахлын улмаас Паралимпийн хаалтын ёслол мөн л үзэгчидгүй зохион байгуулагдсан юм.
Тамирчдын парадад дүрвэгсдийн багтай нийлээд нийт 162 шигшээ баг оролцлоо. Гэхдээ цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний улмаас зарим тамирчин Паралимпийн хаалтын ёслол болохоос өмнө Японыг орхиж, эх орон руугаа буцсан юм.
Хаалтын ёслолд үг хэлэх үеэрээ Олон улсын паралимпийн холбооны ерөнхийлөгч Эндрю Парсон Токиод зохион байгуулагдсан наадам "түүхэн амжилт тогтоосон" хэмээн онцолсон байна. "Наадмаар бүхий л спортын төрөлд дээд амжилтуудыг эвдлээ. Энэ нь паралимпийн хөдөлгөөн урьд өмнөхөөс илүү хүчирхэгжиж байгааг харуулж байна" хэмээн тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
"Бидний баяр өндөрлөж байгаад итгэж чадахгүй нь. Ямархан гайхалтай аялал, спорт, наадам байв аа! Баярлалаа Токио! та бүхэн хамтдаа үүнийг хийж чадлаа. 12 жилийн туршид тамирчид дэлхий дахин итгэл найдвар, аж жаргал бэлэглэлээ. Тэд дээд амжилт тогтоож, зүрх сэтгэлийг дулаацууллаа. Тэд хүмүүсийн амьдралыг өөрчилсөн юм. Япончууд энэ бүхнийг боломжтой болголоо. Та бүхэн биднийг найрсгаар хүлээн авч, тамирчдад өөрсдийгөө даван туулах боломж олголоо. Токио, бид чамд хайртай!" хэмээн Эндрю Парсон хаалтын ёслол дээр өгүүлсэн байна.
Паралимпийн багуудын чансаа
Токио-2020 Паралимпийн дүнгээр Хятад улс 207 медальтайгаар тэргүүллээ. Энэ улсын тамирчид 96 алт, 60 мөнгө, 51 хүрэл медаль хүртсэн байна.
Медалийн тоогоор Их Британийн шигшээ баг 41 алт, 38 мөнгө, 45 хүрэл, нийт 124 медальтайгаар хоёрдугаарт бичигдсэн бол 37 алт, 36 мөнгө, 31 хүрэл, нийт 104 медальтайгаар АНУ гуравдугаарт, харин ОХУ-ын шигшээ баг 36 алт, 33 мөнгө, 49 хүрэл, нийт 118 медальтайгаар дөрөвдүгээр байранд бичигдсэн юм.
Манай улсын тамирчид улсын дээд амжилтыг эвдэх зэргээр амжилт дүүрэн энэ наадмыг өндөрлөсөн бөгөөд гавьяат тамирчин Э.Содномпилжээ Токио-2020 Паралимпийн наадмаас пауэрлифтингийн төрөлд алтан медаль хүртсэн. Тэрбээр 245 кг жин өргөж, Паралимпийн наадмын дээд амжилтыг тогтоосон юм. Энэ нь түүний хувьд олимпын хоёр дахь медаль бөгөөд өмнө Рио-2016 паралимпын наадмаас хүрэл медаль хүртэж байв.
Дараагийн Паралимпийн наадам 2024 онд Францын нийслэл Парис хотноо болох бөгөөд Токио-2020 наадмын хаалтын ёслолын үеэр дараагийн Паралимпийг бэлгэдсэн анимэйшн үзүүлсэн юм. Энэ бичлэг дээр Паралимпийн хөдөлгөөний асар том далбаа Эйфелийн цамхаг дээр мандаж байгаа, цамхагийн нэгэн тулгуур нь протез хэлбэртэйгээр харуулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ