Нөхөн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-нд материалаа хүргүүлнэ

Өнөөдөр УИХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийн дагуу нам эвсэл, бие даан нэр дэвшигчид СЕХ-нд материалаа хүргүүлнэ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар сонгуульд оролцож буй нам, эвсэл болон бие даан нэрээ дэвшүүлэгч нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх заалттай.
Энэ дагуу СЕХ Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдлын улмаас УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуваарийг нам, эвсэл, нэр дэвшигчдийн саналыг харгалзан гаргасан байна.
Энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрогт МАН-аас Монгол банкны дэд Ерөнхийлөгч асан, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар, АН-аас нийслэлийн Засаг дарга асан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, "Зөв хүн-электорат эвслээс ХҮН-ын дарга асан Б.Найдлаа нар нэр дэвшин өрсөлдөхөөр байгаа. Харин Хэнтий аймаг дахь УИХ-ын сонгулуийн 28 дугаар тойрогт МАН-аас Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нар нэр дэвшин өрсөлдөнө.
Өнөөдөр нам, эвслүүд болон бие даан нэр дэвшигчид СЕХ-ны хороонд материалаа хүргүүлснээр хоёр тойрогт явагдах нөхөн сонгуульд хэн хэн өрсөлдөх нь тодорхой болно. УИХ-ын гишүүн асан С.Жавхлан сонгуулийн 28 дугаар тойрогт өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Бусад горилогчдын тухайд ямар нэг тайлбар хийгээгүй.
Тэгвэл Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт "Иргэний шударга шүүх" Төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт, Хэнтий аймаг дахь 18 дугаар тойрогт М.Баасанжаргал нэрээ сольсон М.Чингисхаан нар бие даан өрсөлдөхөөр СЕХ-нд мэдэгджээ.
УИХ-ын нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодрууллаа. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 10 дугаар сарын 10-нд нөхөн сонгуулийн санал хураалт болох юм.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ