Хатан хааныг нас барсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулжээ

Их Британийн эрх баригчид эрхэм дээдэс хатан хаан II Елизаветаг нас барах өдөрт урьдаас бэлдсэн гэнэ. Хатан хааныг таалал төгсөхөд ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй тусгасан "Лондонгийн гүүр" нэртэй маш нууц ажиллагааны баримт бичгүүдийг Politico хэвлэл олж авсан талаараа мэдээлжээ.
Энэ баримт бичигт зааснаар, эрхэм дээдэс таалал төгссөн талаар хатан хааны хувийн нарийн бичгийн дарга Ерөнхий сайдад мэдээлэх аж. Үүний дараа утас эсвэл цахилгаан мэдээллээр Засгийн газрын бусад гишүүд, өндөр албан тушаалтнууд энэ талаар мэдэх бөгөөд гэхдээ тэд Ерөнхий сайд ард түмэндээ хандан үг хэлэх хүртэл энэ мэдээллийг нууцлах ёстой аж.
"Лондонгийн гүүр" ажиллагаанд төлөвлөснөөр, хатан хаан II Елизаветаг таалал төгссөн тохиолдолд хатан хааны гэр бүлийн олон нийтийн сүлжээн дэх бүхий л хуудсуудыг хар өнгөтэй болгон, бие барсан талаарх товч мэдээлэлтэйгээр оруулж, 10 өдрийн үндэсний хэмжээний гашуудал зарлаж, Вестминстерийн ордонд авсыг байрлуулан, гурав хоногийн туршид британичууд хатан хаантай салах ёслол хийх боломжийг олгох гэнэ.
Ингээд хатан хааныг таалал төгссөний маргааш нь ханхүү Чарльзыг Британийн шинэ хаанаар зарлах аж. Ёслолын ажиллагаанд Засгийн газрын гишүүд, нууц зөвлөхүүд цуглах бөгөөд энэ үеэр протоколын дагуу хар эсвэл бараан өнгийн зангиа зүүж, аливаа төрлийн гоёл чимэглэлийг хориглох юм байна.
Таалал төгссөнөөс хойш хоёр дахь өдөр нь хатан хааны цогцос бүхий авсыг Букингемийн ордонд авчирна. Дараа нь Вестминстерийн ордонд аваачин, тэнд британичууд хатан хаантайгаа салах ёслол хийнэ. Нэр нөлөө бүхий хүмүүс хатан хаантай салах ёслол хийхээр дугаарт удаан зогсохгүйн тулд тэдэнд тасалбар зарахаар төлөвлөж байгаа гэнэ. Ингээд хатан хааныг бие барсанаас хойш 10 дахь өдөр нь оршуулах ёслол болох бөгөөд хатан хааныг нөхөр Эдинбургийн гүн Филиппийн булшны хажууд, Винзорын цамхагт оршуулах аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ