Цар тахлын үед Бурханд хаягласан захидлууд эрс нэмэгджээ

Израилийн Иерусалим хотод байх залбирал үйлддэг ханыг хариуцдаг газрын төлөөлөгч болон Израилийн шуудангийн албан Ерөнхий захирал Дани Голдштейн нар сүүлийн жилд Бурханд хаягласан захидлуудын талаар мэдээлэл хийжээ.
Уламжлал ёсоор еврейн шинэ жилийг тэмдэглэх өдрөөс өмнө хананд захидал хавчуулдаг бөгөөд энэ жил еврейн шинэ жил есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд тохиож байгаа аж. Энэ хананд дэлхийн өнцөг булан бүрийн, төрөл бүрийн шашин шүтлэг, үзэл бодолтой хүмүүс Бурханд хандсан захидлаа үлдээдэг байна. Эдгээр захидлуудыг жилийн туршид тусгай хэлтэст хадгалж байгаад баяраас өмнөхөн хананд байршуулдаг аж.
Израилийн шуудангийн газрын мэдээлснээр, энэ онд Бурханд хаягласан захидлын тоо 30 хувиар өсчээ. Үүний шалтгаан нь цар тахалтай холбоотой бөгөөд сүсэгтнүүд хорио цээрийн улмаас биечлэн хүслээ шивнэхээр ирж чадахгүй болсны улмаас захидал илгээн Бурханд хандах болсон гэж шуудангийн албаныхан мэдэгдсэн байна.
Шуудангийн албаныхны өгүүлснээр, ихэнх захидалд гэр бүлээ коронавирусээс хамгаалхыг гуйсан, мөн цар тахлыг зогсоохыг хүссэн байсан гэнэ. Түүнчлэн шинэ айфон хүссэн, талийгаачдадаа мэндчилгээ хүргэхийг гуйсан зэрэг түгээмэл тохиолддог хүсэлтүүд ч байсан аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ