Гвиней: Цэргийн босогчид иргэдийн аюулгүй байдлыг хамгаална гэж амлав

Гвинейд төрийн эргэлт хийхийг завдаж, улмаар тус улсын Ерөнхийлөгчийг цэргийн босогчид баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Гвинейд төрийн эргэлт хийхийг завдаж, хөл хорих цаг тогтоов
Гвиней улсын цэргийн босогчдын байгуулсан Хөгжлийн үндэсний хороо иргэд болон тэдний өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хангана гэж мэдэгджээ. Тус хорооны тэргүүн, хурандаа Мамади Думбуя "цагдаагийн ажилтнуудад дүрэм журам сахих тушаал" өгсөн байна. Мөн дараагийн мэдэгдэл гарах хүртэл Гвиней улс даяар хөл хорих цаг тогтоожээ.
"Дотооддоо болон олон улсад хандаж хэлэхэд, бид Ерөнхийлөгч асан Кондегийн бие махбодь, ёс суртахууны халдашгүй байдалд халдаагүй. Түүнийг эмнэлгийн үйлчилгээ авах, эмч нартайгаа уулзах боломжийг нь хангахын тулд бид бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн" хэмээн босогчид мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, Думбуя тэргүүтэй Гвинейн тусгай тасгийнхан ням гарагт Конакри дүүрэгт нэвтрэн орж, Ерөнхийлөгчийн ордны өмнө байрласан байна. Энэ үеэр буун дуу гарсан гэж хэвлэлүүд мэдээлжээ. Босогчдын тэргүүн Думбуя ням гарагт Гвинейн үндэсний телевизээр мэдэгдэл хийн, Ерөнхийлөгч Кондег баривчилсан, Засгийн газрыг тараасан болон Үндсэн хуулийг хүчингүй болгосноо зарласан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ