“Цахим үндэстэн” экспоны үеэр Монголын анхны дрон үзүүлбэрийг үзүүлнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ICT EXPO үзэсгэлэнг энэ удаа олон улсын түвшинд, шинэлэг байдлаар зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл технологийн салбарынхан мэдээлэл хийлээ.
Засгийн газар 2021-2024 онд цахим үндэстэн болох зорилтыг тавиад буй. Энэ хүрээнд 2021 оноос эхлэн ICT EXPO үзэсгэлэнг “Цахим үндэстэн” нэртэйгээр зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн экспо үзэсгэлэнг төрийн дэмжлэгтэйгээр хувийн хэвшлийн 100 гаруй компани хамтран олон улсын хэмжээнд зохион байгуулахаар болсныг ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ хэллээ. “Цахим үндэстэн” экспо 09 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Энэ үеэр Монголын анхны дрон үзүүлбэр, лазер шоуг үзүүлэх юм байна.
Экспод мэдээлэл технологийн салбарын 100 гаруй компани оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд танилцуулах юм байна. Мөн компаниуд 5G сүлжээг турших аж.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ