COVID-19: Болгарт өвчлөл нэмэгдсэний улмаас хязгаарлалт тогтоов

img

Болгар улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор есдүгээр сарын долооны өдрөөс эхлэн шинээр хязгаарлалтын арга хэмжээнүүд хэрэгжүүлэхээр болжээ. Хязгаарлалтууд 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мээдэлснээр, коронавирусийн халдварын тархалт аюул дагуулж байгаа тул тус улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар хязгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр аливаа төрлийн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, хүүхдийн тоглоомын төв болон клубуудын үйл ажиллагааг зогсоосон бол спортын арга хэмжээг үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсон байна.

 

Зоогийн газар, кафе 23.00-07.00 цагийн хооронд буюу шөнийн цагаар ажиллахгүй, харин шөнийн клуб, дискотек 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйл ажиллагаагаа зогсоохоор болжээ. Кинотеатр, театр болон тоглолтын танхимуудад нийт багтаамжийн 50 хувьд үзэгчдийг оруулна. Мөн ажил олгогчдод хандан нийт ажилтныхаа 50 хувийг цахимаар ажиллуулахыг уриалсан байна.

 

Тус улсад халдварын тоо улам нэмэгдэх болсон нь ийнхүү шинээр хязгаарлалт тогтоох шалтгаан болсон бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш Болгарт нийт 462 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 19 115 хүн хүндрэлийн улмаас нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ