Таиландад эсэргүүцлийн жагсаалыг тараахаар резинэн сум ашиглажээ

img

Коронавирусийн халдварын нөхцөл байдал дордсоны улмаас Таиландад дахин олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал эхэлсэн талаар Нью-Йорк Таймс мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, олон мянган оршин суугч эсэргүүцлийн жагсаалд нэгдэн, цар тахалтай тэмцэхэд үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгаад эрх баригчдаа буруутгасан байна. Түүнчлэн хямралыг давж чадаагүй Засгийн газрын тэргүүн Прают Чан-Очийг огцрохыг шаарджээ.Хууль сахиулах байгууллагын ажилтнууд жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч, резинэн сум ашигласан байна.

 

Таиландад цар тахал дэгдсэнээс хойш халдварын хүндрэлийн улмаас 12 мянга гаруй хүн нас барсан юм. Халдварын нөхцөл байдал тус улсын эдийн засагт хүнд цохилт өгсөн бөгөөд Таиландад халдварын тархалттай тэмцэхэд хангалттай хэмжээний хөрөнгө мөнгө байхгүйн дээр дархлаажуулалтын явц тун удаашралтай байгаа гэнэ.

 

Өнгөрсөн сарын эхээр Таиландын иргэд мөн л коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байлаа. Тухайн үед Ерөнхий сайдын ордны гадаа жагсан, эд зүйл шидэж, эмх замбараагүй байдал үүсэн улмаар цагдаагийнхан болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч байлаа.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ