О.Баасанхүү: У.Хүрэлсүх улс төрийн эр зориг гаргаж өмнөх Ерөнхийлөгч нарын алдааг заслаа


Энэ онд батлагдсан Шүүхийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХЦ-д гомдол гаргасан. Үүнтэй холбоотойгоор хуулийн мөрдөх хугацаа гацаанд орж, ҮХЦ их суудлын хуралдаанаар хэлэлцэхээр байсан билээ. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг хүсэлтийг татан авснаар Шүүхийн тухай хуулийг хэрэгжиж эхлэх боломж бүрдлээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн ҮХЦ-д гаргасан хүсэлтийг татан авч байгаа талаар хуульчид байр сууриа илэрхийлж байгаа. УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү энэ талаар хэвлэлд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр:
-Шүүхийн тухай хуулийн зарим заалтад өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьж, ҮХЦ-д хүсэлт хүргүүлсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг үндэслэлээр ҮХЦ-д гомдол гаргасан байдаг. Шүүх засаглал бол шүүгч, прокурор, өмгөөлөгч гурав оролцсон институти. Шүүх эрх мэдэл гэдэг нь шүүгч. Ц.Элбэгдоржийн үед шүүхийн эрх мэдэлд гажуудал үүссэн байдаг. Шүүхийн тухай хууль тухайн үед батлагдахад шүүгч нарыг огцруулсан байдаг. Шүүгч өөрийн хүсэлтээр, тэтгэвэрт гарч чөлөөлөгдөнө үү гэхээс хууль батлагдсанаар чөлөөлөгддөггүй байсан. Гэтэл Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн тэргүүн гэдгээрээ зөвлөмж гаргаад 13 шүүгчийг чөлөөлсөн. Тийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлт хийхдээ Шүүхийн сахилгын зөвлөл, шүүх эрх мэдлийг Ерөнхийлөгчөөс салгая гэдэг асуудал тавьсан. Үүнд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсаныг өнөөдрийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүсэлтээ татан авч байна. Тиймээс шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилнэ. Энэ бол тодорхой хэмжээний улс төрийн эр зориг гэж үзэж байгаа. Тиймээс өмнөх Ц.Элбэгдорж, Х.Баттулга Ерөнхийлөгч нарын хийсэн алдааг засч байна хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ