Оросын эмч нар COVID-19, томууны хосолсон халдварын аюулаас сэрэмжлүүлжээ

COVID-19-өөс сэргийлэх вакцинд хамрагдсан ч амьсгалын замын цомог вирусийн халдвар, томууны улирал эхлэхээс өмнө томууны эсрэг урьдчилан сэргийлэх тарилга тариулах шаардлагатай. Ингэснээр коронавирусийн халдвар болон томууны хосолсон халдвараас сэргийлэх боломжтой гэж Оросын халдвар судлаач эмч Андрей Поздняков зөвлөснийг РГ дамжууллаа.
"Вакцин тухайн зориулагдсан өвчнөөсөө л сэргийлнэ. Халдварт саагийн вакцин халдварт саагаас, В гепатитын вакцин В гепатитээс л сэргийлнэ. Тиймээс коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин гагцхүү энэ халдвараас л сэргийлэхээс биш ханиад, томуунаас хамгаалахгүй" хэмээн тэрбээр онцолжээ.
Ханиад томуу нь өвөл, хаврын улиралд тохиодог бөгөөд ес, 10 дугаар сард буюу өвчлөл эхлэхээс өмнө томууны вакцинд хамрагдахыг эмч зөвлөсөн байна. Эмчийн зөвлөснөөр, коронавирусийн халдвар болон томууны халдвараас сэргийлэх вакцин хоорондын зай нэг сар байх нь тохиромжтой гэнэ.
Мөн коронавирусийн цар тахлын үед хосолсон халдвар гарах аюултай байгаа тул томууны вакцин хийлгэх нь нэн чухал гэж Оросын эмч онцолжээ.
"Томууны вирус болон коронавирус нь судасны дотор эд эсэд үржин, түүнийг гэмтээж, судсаар бүх биед тарааж, амьсгалын замын эд, уушги, бөөр, төв мэдрэлийн систем, зүрхийг гэмтээдэг. Тэгэхээр энэ хоёр вирусээр хоёулангаар нь халдварлавал өвчтөнд илүү хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ" хэмээн Андрей Поздняков тайлбаласан байна.
Эмчийн өгүүлснээр, хоёр вирусийн халдварыг нэгэн зэрэг авбал өвчин хэрхэн хүндрэх, үр дагавар ямар байх нь тодорхойгүй гэнэ. Аль ч тохиолдолд судас маш ихээр гэмтэнэ гэж Поздняков онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ