Афганистаны шинэ засаг бүрдэв

Талибууд шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ зарлалаа. Шинэ засгийн бараг бүх удирах албан тушаал "Талибан" хөдөлгөөний гишүүдэд очжээ.
Афганистаны шинэ засгийн газрын бүрэлдэхүүний талаар "Талибан" хөдөлгөөний төлөөлөгч Забихулла Мужахид зарласан бөгөөд тэрбээр талибуудын засагт Соёл, мэдээллийн орлогч сайдын алба хаших юм байна.
Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Хассан Ахунд ажиллах бол мулла Абдул Гани Барадар түүний орлогч болох гэнэ. Харин Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Амир Хан Муттаки, Батлан хамгаалахын орлогч сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ. Харин "Хаккани сүлжээ" гэдгээрээ алдартай, дайчдын бүлэглэлийг толгойлдог Саражуддин Хаккани Дотоод хэргийн сайдын үүргийг гүйцэтгэх юм байна.
Өмнө нь "Талибан" хөдөлгөөн засгийн газраа бүрдүүлэхдээ олон талын оролцоог хангасан, Афганистаны угсаатны нарийн бүтцийг төлөөлсөн хүмүүс багтана гэж амлаж байлаа. Гэтэл эмэгтэйчүүд энэ засагт багтаагүй бөгөөд сэтгүүлчид шалтгааныг нь асуухад танхим бүрдүүлж хараахан дуусаагүй гэж "Талибан"-ын төлөөлөгч мэдэгджээ.
Афганистаны дээд удирдагч буюу "амир" нь "Талибан"-ы тэргүүн, шейх Хибатулла Ахунзада байх юм. Тэрбээр шашиндаа үнэнч, шариатын хуулийг нэвтрүүлэхийг дэмждэг гэдгээрээ алдартай. Ахунзадагийн амь насыг хөнөөх оролдлого хоёронтоо гарч байсан бөгөөд 2019 онд үйлдэгдсэн халдлагын үеэр түүний дүү болон эцэг нь амиа алдсан юм. Ахунзадагийн бага хүү 2017 онд Афганы армийн бааз дээр өөрийгөө дэлбэлжээ.
"Талибан"-ы удирдах зөвлөлийн тэргүүн мулла Мохаммад Хасан Ахунд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болжээ. Афганистанд Ираныхтай ижил улс төрийн систем үйлчлэх магадлалтай байгаа бөгөөд энэ системээр дээд удирдагчийн удирдлаганд ерөнхий сайд болон засгийн газрын бусад гишүүд багтдаг юм. Талибууд засгаа бүрдүүлснээс харахад энэ улсад Ерөнхийлөгчийн албан тушаал гэж байхгүй болох бололтой.
"Талибан" хөдөлгөөний Катарын улс төрийн товчооны тэргүүн, гол хэлэлцээр хийгч мулла Абдул Гани Барадар ерөнхий сайдын орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байна. "Талибан"-ыг үүсгэн байгуулагч мулла Омарын хүү, өдгөө 30 настай Якуб Мужахид батлан хамгаалахын сайдын алба хаших аж. Харин Афганы шинэ Дотоод хэргийн сайдын үеэл Халилуррахман Хаккани Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн сайд болжээ.
"Талибан" хөдөлгөөний удирдлагын гишүүн, 1996-2001 оны хооронд талибууд эрх барьж байх үед Гэгээрлийн сайд байсан Амир Хан Муттаки Гадаад хэргийн сайд болсон бол хөдөлгөөний улс төрийн товчооны тэргүүний орлогч Шэр Мохаммад Аббас Станикзай Гадаад хэргийн дэд сайд болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ