АНУ-ын Ерөнхийлөгчийн гэргий ажилдаа эргэн оржээ

Америкийн Ерөнхийлөгч Жо Байдены гэргий Жилл Байден олныг гайхшруулсан шийдвэр гаргажээ. АНУ-ын Үндэсний олон нийтийн радиогийн мэдээлснээр, өдгөө 70 настай тэргүүн хатагтай бүтэн ажлын цагаар ажиллах багшийн ажилд оржээ.
Жилл Байден Хойд Виржиниягийн Олон нийтийн коллежд англи хэл заах юм байна. Америкийн тэргүүн хатагтай 40 жилийн ажлын туршлагатай багш бөгөөд харин сүүлийн жилүүдэд нөхрийнх нь улс төрийн карьер, дараа нь коронавирусийн цар тахлын улмаас зайнаас ажиллаж, хичээлээ цахимаар заадаг болсон гэнэ.
CNN агетлагийн мэдээлснээр, тэргүүн хатагтай долоо хоногт хэд хэдэн удаа Цагаан ордноос сургууль руугаа явж, биечлэн хичээл заах аж. Тэрбээр суралцагчидтайгаа энгийн харилцдаг бөгөөд түүнийг Доктор Би гэж оюутнууд нь дуудаг гэнэ. Хэдийгээр тэргүүн хатагтай энгийн байхыг хүсэж байгаа ч энэ нь АНУ-ын Нууц албаныханд ихээхэн төвөг удна гэж хэвлэлүүд шүүмжилж байна. Учир нь байнга ордноос гарч хөрш муж руу явах тоолонд хамгаалалтынхан дагаж явах учиртай тул үүнээс үүдсэн ихээхэн зардал, чирэгдэл гарна гэж сэтгүүлчид шүүмжилжээ.
Сүүлийн үеийн тэргүүн хатагтай нар дундаас Жилл Байден шиг ийнхүү ордноос гадуур ажиллаж байсан хүн байхгүй бөгөөд Меланья Трамп, Мишель Обама нар нөхөр нь тангараг өргөсний дараа хүүхдүүдээ хүмүүжүүлэх болон бусад протоколын үүргийг гүйцэтгэж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ