Ижил нэр дэвшигчид, маньякийн дэмжлэг буюу ОХУ-ын сонгуульд ашиглаж буй хар пиар

img

Энэ сарын 17-19-ний өдрүүдэд ОХУ-д Төрийн Думын сонгууль болно. Думын сонгуульд нэр дэвшигчид төрөл бүрийн арга ашиглаж байгаагийн дотор хар пиар ч ихээр ашиглаж байгаа юм. Тухайлбал, Оросын Либерал-демократ намынхан "ижил хүйстний " тухай роликоор өөрсдийгөө сурталчилж байгаа бол ОХУ-ын Коммунист намыг "нүцгэн бүсгүйчүүд, Скопины маньяк сурталчилж, харин Петербург хотод Борис Вишневскийтэй түүнтжй адилхан нэр, зүстэй нэр дэвшигчид өрсөлдөж байгаа юм. Өмнөх сонгуулиудаар ч энэ мэтчилэн аргуудыг хэрэглэж байсан ч энэ онд хар технологи ашиглах нь илүү нэмэгдэж, хүмүүсийн анхаарлыг ихээр татаж бйгаа талаар шинжээчид онцолж байна. 

 

Энэ төрлийн сөрөг сурталчилгаа нь аль нэг намд хандах сөрөг сэтгэгдлийг нэмэгдүүлэх биш харин сонгууль өгөх эсэхдээ эргэлзэж буй сонгогч санал хураах хэсгийг зорих хүслийг бууруулах зорилготой байдаг гэж улс төрийн технологичид үздэг. "Олон нийтийн санаа бодол" сангийн явуулсан судалгаагаар, оросуудын 14 хувь нь сонгуульд санал өгөхгүй гэж хариулжээ. 

 

Петербург, Москва дахь "ихэр нэр дэвшигчид"
 

Ижил нэр эсвэл төстэй нэр, овогтой нэр дэвшигчдийг сонгуульд оруулах нь аливаа нэр дэвшигчийн саналыг "хулгайлах" зорилготой бөгөөд энэ нь хамгийн алдартай бохир технологиудын нэг юм. Үүнийг 90-ээд оны сүүлээс Орост ашигладаг болжээ. 

 

Энэ аргыг улс төрийн технологч Алекс Кошмаров гаргасан гэж үздэг. Мөн энэ аргыг Петербургт ихээр ашигладаг байна. 

Энэ жил "ихэр нэр дэвшигчид"-ийн хамгийн гол золиос нь Петербургийн хууль тогтоох хурал дахь "Яблоко" фракцийн удирдагч, сөрөг хүчний төлөөлөгч Борис Вишневский боллоо. Түүнтэй дахин хоёр Борис Вишневский өрсөлдөж байгаа бөгөөд тэд гагцхүү эцгийн нэрээрээ л өөр гэнэ. Түүгээр ч зогсохгүй Вишневский ихрүүд сахал ургуулж, сөрөг хүчний нэр дэвшигчтэй төстэй дүр төрхтэй болсон байна. 


Оросын "Новая газета" сонины бичсэнээр сөрөг хүчний Вишневскийн өрсөлдөгчид болох "ихэр нэр дэвшигчид"-ийн нэг нь орон нутгийн депутат Виктор Иванович Быков бөгөөд сонгуулийн өмнөхөн Борис Иванович Вишневский нэртэй болжээ.

 

Нөгөө нь саяхныг хүртэл Алексей Шмелев нэртэй байсан Борис Геннадьевич Вишневский гэнэ. Сөрөг хүчний төлөөлөгчтэй ижил нэр, овогтой болсон тэднийг нэр усаа өөрчилсөн талаарх мэдээлэл тэдний мэдээллийн хуудас дээр маш жижгээр, хамгийн доод талд нь бичсэн байгаа аж. Мөн тэд аль аль нь сахал ургуулдаггүй байсан ч гагцхүү сонгуульд зориулж ийнхүү бүхнээ өөрчилжээ.

 

Үүнтэй ижил нөхцөл өөр нэг тойрогт болсон байна. Тэнд "Оросын коммунистууд" Даниловын сүмийн гаражийн жолооч Алексей Волковыг ОХУ-ын Коммунист намын төв хорооны гишүүн Николай Волковтой өрсөлдүүлж байгаа гэнэ. Түүнчлэн, Анастася Удальцова гэсэн нэр дэвшигчийг Анна Удаловатай өрсөлдүүлэх зэрэг энэ төрлийн жишээ нэг бус байгаа гэнэ.

 

ОХУ-ын Коммунист намыг "Скопины маньяк" болон феминистүүд дэмжив

 

Энэ намынхан хүмүүст хачирхалтай сэтгэгдэл төрүүлэхүйц хүмүүсээр дэмжүүлжээ. Долдугаар сарын сүүлээр олон нийтийн сүлжээгээр "Скопины маньяк" гэдгээрээ алдартай Виктор Мохов ОХУ-ын Коммунист намыг дэмиж байгааг харуулсан дүрс бичлэг тархаж байв. Бичлэг дээр тэрбээр намын бэлгэдэл бүхий хувцас өмсөж, Зюгановыг "хүчтэй, хатуу" лидер хэмээн нэрлэж байлаа. Мохов хоёр охиныг барьцаалж, хүчирхийлсэн хэрэг үйлдсэнийхээ төлөө 17 жил шоронд суугаад суллагдсан бөгөөд намыг дэмжиж байгаа бичлэг дээр тэрбээр намын дарга зөгий үржүүлгийн ном бэлэглэсэн хэмээн ярьжээ. 

 

Харин энэ бичлэгийн дараа Коммунист намынхан мэдэгдэл гаргаж, өөрсдийг нь харлуулахыг хичээж байна хэмээсэн юм. Ингээд Моховыг 10 хоног баривчлан саатуулж байжээ. Шүүхээс түүнийг хэвлэлийнхэнтэй харилцаж болохгүй гэх журмыг зөрчсөн хэмээн үзэж ийнхүү шийтгэл оноосон байна.

 

Улс төрийн технологич Казанковын үзэж байгаагаар маньяктай холбоотой шуугиан сонгогчдод төдийлөн нөлөөлөхгүй гэнэ. Энэ нь коммунистууд руу дайрсан, тэдэнтэй өрсөлдөх гэсэн хандлага гэж л сонгогчид хүлээж авна гэж улс төрийн технологич үзжээ. Түүнчлэн энэ намынхныг дэмжсэн акцийг цээжээ нүцгэлсэн бүсгүй хийж байлаа.

 

Ижил хүйстний парад 

 Оросын либерал демократ намынхныг ч хар пиар тойрсонгүй. Сүүлийн үед хэвлэлүүд болон олон нийтийн сүлжээгээр энэ намын зарим гишүүдийг ижил хүйстэн мэтээр харуулах гэсэн оролдлого удаа дараа гарчээ. Орост хийсэн олон нийтийн судалгаагаар, оросуудын бараг дөрөвний нэг нь ижил хүйстэн байхыг өвчин гэж үздэг бол 10 хүн тутмын нэг нь ийм хүмүүсийг нийгмээс тусгаарлах ёстой гэж үздэг аж. 

 

Олон нийтийн сүлжээгээр залуухан болон дунд насны эрчүүд Либерал-демократ намын ЛДПР гэсэн товчлолыг бичсэн, ЛГБТ-ын зургаан өнгөт эмблемтэй футболк өмсөн, шар айраг ууж, тэврэлдэн, намын дарга Владимир Жириновскийг дэмжихийг уриалан, түүнийг бэлгийн чиг хандлагыг ялгаварладаггүй гэхчлэн ярьж байгаа дүрс бичлэг тархсан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ