Трамп боксын тайлбарлагч болно

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп нэгэн сонирхолтой гэрээ байгуулсан талаар Америкийн хэвлэлүүд мэдээлжээ.
Тодруулбал, Ерөнхийлөгч асан Дональд Трамп хүү бага Трампын хамт боксын тэмцээн тайлбарлахаар гэрээ байгуулсан гэж АВС агентлаг мэдээлсэн байна. Ингэснээр, 2024 оны сонгуульд нэр дэвших эрмэлзэлтэй байгаа тэрбээр дахин олон нийтийн анхааралд орохоор төлөвлөж байна гэж хэвлэлүүд мэдээлжээ.
"Би агуу тулаанчид, агуу тулаануудад дуртай. Бямба гарагийн үдэш ийм тулааны үеэр өөрийн сэтгэгдлээ хуваалцах боломжоо тэсэн ядан хүлээж байна. Ийм онцгой үйл явдлыг та бүхэн анхааралгүй өнгөрөөхийг хүсэхгүй л байх" хэмээн Трамп мэдэгджээ.
Хүнд жингийн хоёр тулаанч болох Америкийн боксчин Эвандер Холифилд болон Бразилийн боксчин Витор Белфортын хоорондын тулаан есдүгээр сарын 11-ний өдөр болох бөгөөд интернетээр, Трампын тайлбартайгаар хүрэх үзвэрийн үнэ 19 доллар 99 цент байх аж. Харин энэ тулааныг тайлбарласныхаа төлөө Трамп хичнээн хэмжээний шагнал авах талаарх мэдээлэл гараагүй байна.
Энэ тулаан дээр Дональд Трамп тайлбарлагчаар суух нь түүний хувьд сүүлийн саруудад олны өмнө гарсан анхны тохиолдол болох юм. Гэхдээ олны анхаарлыг татах гэсэн Трамп "буруу өдрөө сонгосон" гэж ажиглагчид үзэж байна Учир нь ирэх бямба гарагт АНУ-д Нью-Йорк, Вашингтонд үйлдэгдсэн 9/11 халдлагын 20 жилийг эргэн дурсах юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ