ЖДҮ эрхлэгчдийн хөгжлийн төв нээгдлээ

Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Чингэлтэй дүүргийн 18 хороо, Сэлбэ дэд төвд “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв”-ийг байгуулж, өнөөдөр нээлээ. Тус төвийг нээснээр 70 мянга гаруй ажлын байр шинээр бий болж, ЖДҮ эрхлэгчдийн ажлын байр хадгалагдан, үйл ажиллагаа нь тогтворжино хэмээн үзэж байна
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийг нээж НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Гэр хороололд хөгжлийг авчрах ёстой. Харин хөгжүүлэхийн тулд иргэдийг тогтмол орлоготой болгох ёстой юм. Энэ хүрээнд өнөөдөр Сэлбэ дэд төвд ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, уг салбарт шинэ бизнес эрхлэгчдийг оруулж, ажлын байр нэмэгдүүлэх хөгжлийн төвийг нээж байна. Энэ зөвхөн эхлэл. Өнөөдөр нийслэлд Монгол Улсын нийт хүн амын 50 хувь амьдарч, тэдний 70 гаруй хувь ЖДҮ эрхэлж байна. Үүнээс үзэхэд ЖДҮ нь нийслэлийн тэргүүлэх салбар болсон гэж болно. Нийслэл хот ЖДҮ эрхлэгчдээ бүх талаар дэмжинэ” гэжээ.
Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хот төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Арнуэлд Хекман “ЖДҮ-ийг дэмжих төвийг гэр хорооллын бүсэд байгуулах нь хамгийн оновчтой шийдэл юм. Уг санаачилга, ажил нь ирээдүйд хөгжлийн тулгуур болно. Бидэнд энэ чиглэлээр нийслэлийн удирдлагатай хамтран хэрэгжүүлэх шинэ санаачилга олон бий. Тухайлбал, “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв”-ийг байгуулахаас гадна ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх төслийг давхар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэдгийг хэллээ.
Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 62 мянга гаруй нэгж бүртгэлтэй байдгийн 67 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь нийслэлийн нийт хүн амын 70 хувь нь уг салбарт ажилладаг гэсэн үг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ