Замын-Үүдэд барилгын материалын шинжилгээний лаборатори байгуулна

"BARILGA EXPO 2021" үзэсгэлэн 14 дэх жилдээ Мишээл экспо төвд өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэнд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 120 гаруй ААН, байгууллага нэвтрүүлж буй шинэ дэвшилтэт техник технологи, захиалга авч буй шинэ сууцны төсөл хөтөлбөрүүд, барилгын материалуудаа иргэд олон нийтэд танилцуулж байна. Үзэсгэлэн 09 дүгээр сарын 12 хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэнг нээж, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Импортыг орлох, дотоодын барилгын материал, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо, чанарт жилээс жилд ахиц дэвшил гарч байна. Цементийн үйлдвэрлэлийн хүчин чадал 6, бетон хийц, эдлэл 4, хөнгөн бетон 2 дахин нэмэгдэж, бетон, төмөр бетон болон барилгын дүүргэлтийн материал, хаших бүтээц, дулаалгын материалын хэрэгцээг 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангах түвшинд хүрлээ.
Гэвч их хэмжээний валютыг гадагш нь урсгадаг импортыг орлох зарим нэр төрлийн барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэх, цаашлаад экспортлох хэмжээний хүчин чадал бүхий барилгын материалын үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулахад анхаарах цаг болжээ" гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод барилгын материалын сорил, шинжилгээний түргэвчилсэн лабораторийг байгуулахаар ажиллаж байгаагаа дуулгалаа.
М.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ