Хойд Солонгос коронавирусийн цэргүүдийг парадаараа үзүүлэв

Хойд Солонгос үүсгэн байгуулагдсаныхаа 73 жилийн ойг нийслэлдээ шөнийн парад зохион байгуулж тэмдэглэжээ. Энэ талаар БНАСАУ-ын төрийн хэвлэлүүдээс авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Үйл явдлыг харуулсан гэрэл зургууд дээр, "коронавирусийн цэргүүд" гэгдэх, хорт утааны багтай адилхан амны хаалт, улбар шар өнгийн хамгаалалтын хувцастай цэргүүд энэ парадын үеэр жагссан байна. Хойд Солонгос энэ удаад баллистик пуужин үзүүлсэнгүй. Өнгөрсөн жил Ким Жон Ун ийм жагсаалаараа улс орныхоо цөмийн хүчин чадлыг дэлхий дахинд гайхуулж байв. Түүнчлэн энэ жил тэрбээр жагсаалын үеэр үг хэлээгүй байна.
"Тахлаас яаралтай урьдчилан сэргийлэх хэсгүүд болон эрүүл мэндийн яам эх оронч үзлээр дүүрэн байж, дэлхий дахин социалист системийн давуу талыг харуулан, улс орон, ард иргэдээ дэлхийг хамарсан цар тахлаас хамгаалж байна" хэмээн Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлагийн мэдээлэлд өгүүлжээ.
Агентлагийн нийтэлсэн зургууд дээр маршад орлцогчид хамгаалалтын хувцастай байсан ч цугласан олны дунд амны хаалт зүүсэн хүн ажиглагдаагүй байна. Энэ улсад албан ёсоор нэг ч халдвар бүртгэгдээгүй гэх бөгөөд Хойд Солонгос цар тахал дэгдсэний дараахан хилээ бүрэн хаасан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ