Ерөнхий сайдын бардамнал

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад 200 гаруй хоног ажиллаж байна. Түүний Засгийн газрын гол сорилт нь эх орон даяар тархсан коронавирусийн халдвар байв. Эхэндээ иргэдээ цар тахлаас хамгаалах чиглэлээр ажиллаж байсан бол одоо вакцинжуулалтад гол анхаарлаа хандуулж байна. Ийн цар тахлын хажуугаар улстөржилт, элдэв өдөөн хатгалга ч энэ Засгийн газрыг тойрсонгүй. Олон нийтийн сүлжээнд сайд нарыг "шүд цөмлөх" маягаар огцруулах асуудал ч яригдав. Гэхдээ энэ яриа Засгийн газрын танхимд хэлэлцэгдсэнгүй.
Зохион байгуулалттайгаар тараасан энэ ярианд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч зохих хариуг нь барьж, Засгийн газраа хамгаална гэдгээ эрс шулуун мэдэгджээ. Тэрбээр “Засгийн газар сайд нар огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарыг ажлыг нь хийлгэе. Одоо улстөржиж суух цаг биш. Хэрвээ улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул" хэмээн өөрийн танхимын сайд нараа хамгаалахаа хатуу илэрхийлжээ.
Мөн тэрбээр эрх баригч намын даргын тэргүүлж буй Засгийн газрыг хүссэн бүхэн нь оролдож чадахгүй гэдгийг давхар сануулсан байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Үеийн үед Засгийн газрыг унагах, сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар л ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. МАН яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй” хэмээн тун бардам амлалтыг өгчээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ