9/11- Дэлхийг нэг мөр өөрчилсөн өдөр

Хорин жилийн өмнө дэлхий ертөнц өөрчлөгдсөн юм. 2001 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр алан хядагчдын барьцаалсан дөрвөн онгоц АНУ-ын эдийн засаг, улс төр, цэргийн хүчийн бэлгэдэл болсон хоёр барилгыг мөргөж байлаа.
2996 хүний амийг авч одсон 9/11-ний халдлага АНУ-ын нутаг дэвсгэр дээр гарсан хамгийн том алан хядах ажиллагаа бөгөөд өнөө хэр ч үр нөлөө нь ажиглагдсаар байна. Чухамхүү энэ халдлагын дараа АНУ "алан хядагчидтай дайн" зарлаж, Афганистан, Ирак руу цэргээ оруулсан юм.
Тэр өдөр юу болов?
2001.09.11. 07:59
American Airlines (AA11)-ийн 11 дүгээр рейс Бостоны нисэх буудлаас Лос-Анжелесийг чиглэн хөөрөв. Хөлгийн экипажид нисгэгч, хоёрдугаар нисгэгч, есөн үйлчлэгч байв. Энэ онгоцонд 81 зорчигч байсны тав нь Египетийн иргэн Мохаммед Атагийн толгойлсон алан хядагчид байлаа.
Тэд төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэв. Энэ төлөвлөгөөг таван жилийн өмнө Афганистан дахь "Аль-Каида"-ийн бааз дээр боловсруулсан бөгөөд Пакистаны дайчин Халид Шейх Мохаммед саначилжээ. Онгоц барьцаалж, онгоцыг удирдлагатай пуужин болгон ашиглахын тулд исламуудыг нисгэх чадварт сургах санааг тэр бодож олжээ.
Төлөвлөгөөг "Аль-Каида"-ийн тэргүүн, Саудын саятан, Америкийн тусгай албадын хараанд орсон, хожим нь дэлхийд хамгийн их эрэн сурвалжлагдах Осама бин Ладен батлав.
2001.09.11. 08:14
Бостоны мөн л нисэх буудлын өөр нэг терминалаас Лос-Анжелесийг чиглэн Юнайтад Эйрлайнсын 175 дугаар чиглэлийн нислэг 9 хүний бүрэлдэхүүнтэй экипаж, 56 зорчигчтойгоор хөөрөв. Эдгээрийн тав нь мөн л алан хядагчид.
Яг энэ үед эхний онгоцонд байсан алан хядагчид экипажийн бүхээгт орон, онгоцыг хяналтдаа авна. Хоёр үйлчлэгчийг хутгаар шархдуулж, алан хядагчид дундаас онгоц жолоодож чаддаг ганц нь болох Атта өөр хамтаргчийнхаа хамт нисгэгчийн бүхээгийг зорьжээ. Энэ зуур алан хядагчдад саад болох гэсэн, Израилийн армид дөрвөн жил алба хаасан Левин алан хядагчдын гарт алагдав.
Онгоцны үйлчлэгч Бетти Онг Американ Эйрлайнсын захиалгын төвтэй холбогдон, онгоц барьцаалагдсаныг дуулгаж амжжээ.
2001.09.11. 08:42
Юнайтед Эйрлайнсын 93 дугаар нислэг Нью-Жерсигээс Сан-Франциско чиглэн хөөрөв. Энэ онгоцны экипаж долоон гишүүнтэй, 37 зорчигч басны дөрөв нь алан хядагчид байжээ. UA93 нислэг хөөрч байх зуур хоёр дахь онгоц болох UA175-ыг алан хядагчид барьцаалжээ.
2001.09.11. 08:46
AA11 нислэгийн онгоц 110 давхар өндөртэй, гучин жилийн туршид Нью-Йоркийн дүр төрхийн салшгүй хэсэг байсан Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийн Хойд цамхагийг мөргөв.
Онгоц мөргөсний улмаас 92 давхраас дээш явах шатнуудаар явах боломжгүй болж, хүмүүс занганд оржээ. Онгоц сүйрэх үед шатахуун дэлбэрч, зарим газарт 1000°C хэм хүрч, өтгөн хат утаа Хойд төдийгүй Өмнөд цамхагт ч хүрчээ.
Энэ үйл явдлыг тухайн үеийн Ерөнхийлөгч Жорж Бушд мэдээлэхдээ "бага оврын, хоёр моторт онгоц цамхагийг мөргөсөн" хэмээн илтгэжээ.
2001.09.11. 09:03
UA175 нислэгийн онгоц Дэлхийн худалдааны төвийн Өмнөд цамхагийг мөргөв. Эхний цохилтоос хойш ердөө 17 минутын дараа энэ үйл явдал болсон юм.
Хоёр онгоц сүйрсний дараа American Airlines болон United Airlines компаниуд онгоцоо агаарт хөөрөхийг хоригложээ. Юнайтед Эйрлайнсын 40 гаруй жилийн туршлагатай диспетчер Эд Баллинжер энэ шийдвэр хангалтгүй санагдсан тул хэдийнэ хөөрсөн нислэгийн онгоцуудад сэрэмжлүүлэг хүргэж эхэлсэн байна. Сэрэмжлүүлэг хүлээн авсан онгоцны нэг нь UA93 бөгөөд энэ онгоц ч хэдхэн минутын дараа барьцаалагдсан юм.
"Бүхээгрүү дайрах гэсэн аливаа халдлагаас болгоомжил. Хоёр онгоц Дэлхийн худалдааны төвийг мөргөлөө" гэж диспетчер анхааруулжээ.
2001.09.11. 09.37
AA77 нислэг Пентагоны баруун ханыг мөргөж, галт бөмбөлөг байшингийн дээвэр дээр 60 метрийн өндөрт дүрэлзэж байв. Дэлбэрэлтийн улмаас онгоцонд байсан 64 хүн болон Батлан хамгаалахын штабад байсан 125 хүн амиа алдаж, олон арван хүн хүнд шархаджээ.
Пентагон руу халдсаны дараа Агаарын удирдлагын газар эцсийн арга хэмжээ авч, агаарт байгаа бүх онгоцыг ойрын нисэх буудалд газардахыг тушаав. Ингээд бүх онгоцууд газардсан бол UA93 алан хядагчдын гарт нислэгээ үргэлжлүүлж байлаа.
2001.09.11.09:58
Ихэр цамхагийн Өмнөд цамхаг нурав. Ердөө 11 секундын дотор нуран унасан энэ цамхагийн дотор байсан бүх хүн амиа алджээ. Гудамжинд болон дэлхийн худалдааны төвд байсан зочид буудлын үйлчлүүлэгчид ч амиа алдав.
Энэ зуур агаарт, алан хядагчдад UA 93 чиглэлийн онгоцоо барьцаалуулсан зорчигчид алан хядагчдад саад болохын тулд нисгэгчийн бүхээг рүү нэвтрэхээр оролдож байв. Ар араасаа болсон үйл явдлын дараа, онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан эмэгтэй энэ онгоцонд зорчиж явсан хүүдээ газарт болсон хэргүүдийн талаар дуулгаж, "зорчигчдыг цуглуулаад ямар нэг зүйл хий" хэмээн бичжээ. Зорчигчид хүчээр хаалга онгойлгох гэж хичээж байсан дуу чимээ онгоцны хар хайрцагт бичигдсэн байна. Энэ онгоц Вашингтон хотыг чиглэх зорилготой байсан ч Пенсильванийн Шанксвилл дэх хоосон талбайг мөргөн унасан юм. Ослоос хэн ч амьд үлдсэнгүй.
Алан хядагч 19 хүнийг тооцохгүйгээр 2977 хүн амиа алдсан энэ халдлага нь АНУ-ын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн хамгийн том алан хядах ажиллага юм. Түүнчлэн АНУ-ын аврагчдын хувьд түүхэн дэх хамгийн эмгэнэлт өдөр юм. Ослын хор уршгийг арилгах гэж яваад 343 гал сөнөөгч амиа алджээ. Түүнчлэн 400 мянга гаруй хүн хорт бодисын нөлөөнд орж, хүнд хөнгөн гэмтэл авчээ.
Ингээд "терроризмтай дайн зарлах" Бушийн номлол гарснаар 2003 онд Ирак руу довтлов.
Алан хядах ажиллагаа болсноос хойш 20 жил өнгөрчээ. Энэхүү халдлагын улмаас Афганистан руу довтолж, талибуудтай дайтаж байсан Америк хэдхэн долоо хоногийн өмнө цэргээ бүрэн гаргаснаар Афганистаныг илүү их хүчирхийлэл, эмх замбараагүй байдалд орхисон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ