Энэ салбар буруу яваад байгаа нь таны ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой юм биш үү

img

УИХ-ын баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт, Ардчилсан намын сайдуудын өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн ажлын тайланг сонсч, үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх тухай авч хэлэлцлээ. Гишүүд өөр өөрийн байр суурийг илэрхийлж, Хамтарсан Засгийн газар сайн, мууг ярилцсаны зэрэгцээ багагүй шүүмжлэл өрнүүлж, бие бие рүүгээ хатуухан үгсийг ч чамгүй шидлэнэ лээ. Д.Ганхуяг: -Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт хангалтгүй ээ. Засгийн газар өөрийн ажлаа үндэслэл муутай дүгнэх нь зохисгүй явдал. Үүнд 2012 оны сонгуулиар иргэд үнэн зөв дүн тавих болно. Гэхдээ хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээг 2012 оны төсвийн хуулиар баталсан. Үүнийг сайн хэрэгжүүлэх, түүний тулд сайн хяналт чухал байна. Энэ үед олон түмний сонгосон цөөнхийн байр суурин дээрээ АН ирлээ. Ардчилсан нам хэдийгээр 2008 оны сонгуулиар цөөнх болсон ч өрсөлдөгч хүчний хүсэлтээр Хамтарсан засгийн газарт орсноор мөрийн хөтөлбөрийнхөө гол хэсгүүдийг хэрэгжүүлж чадсан. Тухайлбал Ашигт малтмалын баялгийг хувьцаагаар дамжуулан иргэддээ эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан явдал. Дараагийн Засгийн газрын тухайд 2012 оны төсвийг хэрэгжүүлэх нь чухал болохоос хөтөлбөр гэж ярих нь туйлын учир дутагдалтай. Аливаа ажил санхүүжилтгүйгээр мөнгөгүйгээр явахгүй биз дээ. Тэрнээс сонгуулийн хугацаа дуусч байхад, төсөв хөрөнгө нь тодорхой бус байхад Засгийн газрын хөтөлбөр гэж яриад “УИХ нэг цаас үйлдвэрлээд, дахиад Засгийн газар нь нэмж цаас үйлдвэрлэж суудгаа зогсоох хэрэгтэй” гэж шүүмжлэв. Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбоотой олон шийдвэрийг УИХ-аас гаргасан. Төмөр замын бодлого, шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр,“100 мянган айлын орон сууц”,  Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын 39 дүгээр тогтоол, Сайншандын боловсруулах аж үйлдвэрийн цогцолбор, Хөгжлийн банкны тухай хууль  гээд. Гэтэл яагаад 1100 км замаас 3 км зам тавигдаж, ,“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр бараг эхлээгүй, Улаанбаатарын утаа хэвээрээ “зуух” ярьсаар, тэрийгээ магтсаар байна. Зуухаар утааны асуудлаа шийдсэн орон байдаг юм уу. Энэ байдал эдгээр төсөлд шаардагдах санхүүжилт шийдэгдээгүй ирсэнтэй холбоотой. Тавантолгой улсын төсвөөр хайгуул нь хийгдэж, нөөц тогтоогдсон стратегийн орд. Тиймээс Оюутолгойтой цуг, бүр өмнө нь ч явуулчих боломжтой байсан. “УИХ-аас 39 дүгээр тогтоол гаргаж өгөөд бараг хоёр жилийн нүүр үзэх нь шиг байна. Цуг явуулах талаар Засгийн газар дээр хурдан ажиллаж болоогүй юм уу? Энэ асуудал яагаад ингэж хожуу, өнгөрсөн хойно яригдаад байна вэ? Том Тавантолгойгоос Ухаа худагийн ордыг хууль зөрчин тасдаж өгсөн. Хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгох, мөн төрийн эзэмшлийн хэмжээг тогтоолгоогүй нь хууль зөрчсөн. Энэ мэт хууль зөрчсөн асуудал олон байна. Гэтэл энэ орд аль хэдийнэ эдийн засгийн эргэлтэд орсон. Эндээс хувийн хулгай нь урагшлаад, төрийнх нь явдаггүй, үнэ цэнэ нь алдагдчихсан байна. Одоо эхэлсэн гэж тайлбарлах байх”, та энэ Тавантолгойн ордыг  хурдан эдийн засгийн эргэлтэд оруулах талаар Засгийн газар дээрээ сайн ажиллаж болоогүй юм уу хэмээн Д.Ганхуяг гишүүн ЗТХБЯ-ын сайдаас асууна лээ. Эрхэм гишүүний хэлснээр Засгийн газар УИХ-ын 39 дүгээр тогтоолыг буруу ойлгож ирсэн. Өөрөөр хэлбэл Тавантолгойн 30 хүртлэх хувийг олон улсын хөрөнгийн биржээр IPO /шинээр хувьцаа гаргах/ хийж ил тод шударгаар явуул, наад аргаар чинь Ухаахудагийн санхүүжилтийг шийдсэн гээд байхад хоёр хөрш бусад орнуудтай очоод нэг нэгээрээ тэдэн хувийг өгнө, эдэн хувийг өгнө гэж ярьсан байдаг. Монгол Улс наад орнуудад чинь ямар ч өргүй шүү. Харин ашгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Засгийн газар Тавантолгойг шийдэхдээ  УИХ-ын тогтоолыг баримтал гэж шийдсэн нь сайн хэрэг. Тавантолгойг эдийн засггийн эргэлтэд оруулах асуудал сунжирснаар монголчууд бид төмөр замаа барьж чадахгүйгээр зогсохгүй, нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхийн ядаж 100 мянгыг нь дэд бүтэцтэй болгох боломжийг алдсаар байна. Х.Баттулга: -2007 онд Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар тогтоолууд гарсан байдаг. 2008 онд хэрэгжүүлэх шатанд Засгийн газар үүрэг өгсөн баримтууд бий. Ямар ч тохиолдолд уул уурхайн салбар хөрөнгийн бирж дээр IPO хийх гэж байгаа бол дэд бүтцийг нэн тэргүүнд анхаардаг дүрэм журам байдаг. Дэд бүтэц, зах зээл нь байж байж энэ асуудал шийдэгдэж, хөрөнгө мөнгө нь бүтдэг, үнэ өртөг нь өсдөг. Энэ тал дээр нэлээн анхаарах болов уу гэж бодож төлөвлөж явсан. Харамсалтай нь энэ ажлыг үнэхээр эхлээд зогсчихлоо гэдгийг дахин хэлье. Энэ асуудлын талаар баримт материал цуглуулаад тодорхой мэдээлэл хүмүүст өгнө гэсэн бодолтой байна. Тавантолгой ард түмний өмч гэж ярьдаг. Ард түмний өмчөөс хөрөнгө мөнгө босгоод 2.7 сая хүндээ хүртээнэ гэсэн мөртлөө дэд бүтэц, хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөөгүй тул нэлээн удаан явчихлаа. Учир нь олдох байх аа” хэмээв. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн. Оюутолгойгоос гадна улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн 14 орд бий.Энэ асуудалтай холбогдож хууль тогтоол гарснаас хойш 4-5 жил болж байхад Оюутолгойгоос бусад нь алга. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар дээрх ордууд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоолгох ажлыг Засгийн газар хийж, тогтоолын төслийг УИХ-д өргөн барих ёстой. Тэгээд Засгийн газрын тэргүүнээс УИХ-ын гишүүн Д.Ганхуяг стратегийн 14 орд дахь төрийн эзэмшлийн хэмжээг тогтоох асуудлыг ТӨХ-ны даргад тавихад, Ерөнхий сайд “Улс төрийн асуудал байгаа юм” гээд тогтоолын төслийг ЗГ-аар хэлэлцээгүй хойшлуулсан гэсэн, энэ ямар учиртай  вэ? Ер нь Ашигт малтмалын салбар буруу яваад байгаа нь Таны ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой юм биш үү. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал дээр та УИХ-ын 57 дугаар тогтоол бүрэн хэрэгжсэн гэж улс орон, дэлхий даяар зарласан. Ерөнхий сайд болохоосоо өмнө муу гэрээ болсон гэж хэлсэн байдаг. Өнөөдөр нөөцийн төлбөрөөсөө илүү хувиар менежментийн төлбөрийг хөрөнгө оруулагчдад төлдөг, өөрийн баялгаар нь хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгож байхад тэрийг нь хөрөнгө оруулалт нэрээр зээлээд сууж байдаг ийм гэрээ байгуулчихаад, дэлхий даяар УИХ-ынхаа 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн гэж зарладаг нь ямар учиртай юм бэ? Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөөгүй байхад шатахууны үнэ өссөн, энэ бүхэн Засгийн газар хууль хэрэгжүүлээгүйн бодит жишээ. Өрсөлдөөний хуулийн хэрэгжилтийн талаар би олон ярьсан. Энэ талаар ярьж байхад та УИХ-ын дэд даргатай толгой дохилцоод л сууж байсан, одоо энэ олон түмнийг хэрхэн хүндрүүлж байгааг ойлгож байна уу” гэж асуулаа. Ерөнхий сайд С.Батболд: -Би ТӨХ-ны даргыг асуудал оруулж ирэхэд улс төрийн асуудал байгаа юм гэж хэлээгүй. Та үүнийг хаанаас сонсож, ямар үндэслэлтэй ярьж байгаагаа албан ёсоор баримттайгаар хэлж өгөхийг хүсье. Буруу ташаа мэдээлэл гарсан бол залруулна. Буруу мэдээл байгаа бол таныг залруулахыг хүсч байна” гэж Хамтарсан Засгийн газрын тэргүүн хариулсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүний мэдээлснээр Засгийн газраас стратегийн 15 орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар үүрэг даалгавар өгчээ. Цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг аж ахуйн нэгжүүдтэй ярьж, шахаж шаардаж байгаа ч яриа хэлэлцээнүүд амаргүй, тохиролцохгүй, мөн хүндрэлтэй яваа аж. Энэ асуудлыг Засгийн газар ойрын хугацаанд жичид нь, бүхэлд нь авч ярихаар төлөвлөж байгаа бололтой. Улмаар тогтоолын хэрэгжилтийг ярих ёстой гэдэгтэй Д.Ганхуяг гишүүнтэй санал нэг байгаагаа илэрхийллээ. Д.Ганхуяг: -Хариуд нь гишүүн надад үндэслэлгүй ярих шаардлага байхгүй. Та тэр ЭЗБХ-ны хурлын тэмдэглэлийг олж танилцана уу гэв. Ерөнхий сайд бусад асуултын хариултыг үргэлжлүүлэн Сангийн сайдаас сонсохыг хүсэв. С.Баярцогт: -Оюутолгойн гэрээтэй холбоотой УИХ-ын 40, 57 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлснээ Сангийн сайд онцлов. Гэрээгээ ч УИХ-д удаа дараа танилцуулжээ. Гэрээ байгуулсны дараа АБГББХ-ны хуралдаанаас 2 тоот тогтоол гарч, Засгийн газарт чиглэл өгсөн байна. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулагч талтай хоёр асуудлыг хэлэлцэхээр хүргүүлсэн ажээ. Нэгд, Монгол Улсын Засгийн газрын эзэмшиж буй хувь хэмжээг 50 хувьд хүргэх. Хоёрт, Оюутолгойн гэрээ байгуулагдсаны дараа татварын орчин өөрчлөгдөн, өсөн нэмэгдэх нөөц ашиглалтын төлбөрийн шинэ татвартай болсон. Энэ татварыг Хөрөнгө оруулалтын гэрээнд нэгдэж орсон хөрөнгө оруулагч талаас авах талаар хэлэлцээ хийгээч ээ гэсэн чиглэл өгсөн байна. Үүнтэй холбогдуулаад гэрээний нэг тал болох Засгийн газар Оюутолгойд хөрөнгө оруулж буй “Айвенхоу майнз”, “Рио тинто” компаниудад энэ асуудлаар хэлэлцээ хийе гэсэн саналуудыг хүргүүлжээ. Хөрөнгө оруулагч талаас “Одоогоор яг хөрөнгө босгож буй тул энэ асуудлын талаар хэлэлцээ хийх боломжгүй. Энэ төслийг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж, татвар болон ноогдол ашгаар Монголын хөгжил дэвшилд тус болох асуудал дээр нэгдсэн байр суурьтай байна гэдгээ илэрхийлье” гэсэн хариу ирүүлсэн байна. Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр ихээхэн өөрчлөлтүүд ч орсон сурагтай. Мөн Оюутолгойн гэрээн дээр Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хувь нэмж зарахгүй байх нэмэлт гэрээг шинээр байгуулсан байна. Д.Ганхуяг: -Наадахыг чинь улиг болтол сонссон. УИХ-ын 20 гишүүнийг худлаа ярьсан гэх гээд байна уу гэв. Дашрамд дурдахад, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийг 85.7 хувийн саналаар, Сангийн сайд С.Баярцогтыг 88.6 хувийн саналаар, БОАЖ-ын сайд Л.Гансүхийг 79.1 хувийн саналаар, Батлан хамгаалахын сайд Лу.Болдыг 90.2 хувийн саналаар, ЗТБХБ-ын сайд Х.Баттулгыг 83.3 хувийн саналаар, Эрүүл мэндийн сайд С.Ламбааг 86.4 хувийн саналаар үүрэгт ажлаас нь тус тус чөлөөллөө.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ