"Фукушима" станцын цацраг идэвхит ус цэвэршүүлэх шүүлтүүрүүд эвдэрчээ

2011 онд осол гарсан Японы "Фукушима-1" атомын цахилгаан станцаас асгадаг цацраг идэвхит усыг цэвэршүүлэх шүүлтүүрүүдэд гэмтэл гарсныг илрүүлсэн талаар станцын ТЕРСО оператор компани мэдэгджээ. Системээс ус алдахаас сэргийлдэг шүүлтүүрүүдийн нэг нь өнгөрсөн онд эвдэрсэний дараа энэ төрлийн төхөөрөмжүүдийг бүхэлд нь шалгах ажил эхэлсэн байна.
Ингээд шалгалтын явцад 24 болон 25 дугаар шүүлтүүрүүд ч эвдрэлтэй нь тогтоогджээ. Ийм нөхцөл байдал хоёр жилийн өмнө ч үүсэж байсан бөгөөд тухайн үед төхөөрөмжүүдийг сольсон, харин эвдэрсэн шалтгааныг тогтоож чадаагүй байна. ТЕРСО компанийн мэдээлснээр, цацраг идэвхит ус алдсан тохиолдол илрүүлээгүй, гэхдээ ийм тохиолдол гарсан байхыг үгүйсгэх аргагүй гэнэ.
Энд дуулгахад, Японы засгийн газар "Фукушима-1" атомын цахилгаан станцын усыг тэнгис рүү юүлэхийг дөрөвдүгээр сард албан ёсоор зөвшөөрсөн юм. Усыг тэнгис рүү юүлэх ажлыг эхлүүлэх бэлтгэлд хоёр жил орчмын хугацаа шаардагдах аж. Энэ шийдвэрийн дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яам Японд эсэргүүцэл илэрхийлж байв. Цацраг идэвхит усыг тэнгис рүү юүлэх асуудлыг олон улстай хэлэлцэх ёстой гэж Хятадын тал мэдэгдэж байлаа.
Эргэн сануулахад, одоогоос 10 жилийн өмнө, 2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Японы түүхэн дэх хамгийн хүчтэй, 9.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүссэн юм. Байгалийн гамшгийн улмаас атомын цахилгаан станц дээр осол гарч, реакторуудыг хөргөх систем ажиллагаагүй болсон. Ингэснээр байгууламжийн битүүлмжлэл алдагдаж, цацраг идэвхит бодис алдагдан, станцын орчимд байх нутгаас 300 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ