Германд үхрийг жорлон ашиглаж сургаж байна

img

Германд үхэрнүүдийг жорлон явуулж сургаж байгаа талаарх сонирхолтой мэдээллийг ВВС агентлаг дамжуулжээ. 

 

Тодруулбал, Думмерсдорф дахь Гэрийн тэжээвэр амьтны биологийн хүрээлэнгийн эрдэмтэд үхэрнүүдийг өөрсдөд нь зориулан байгуулсан жорлонг ашиглаж сургах боломжтой гэдгийг баталсан гэнэ. Ингэснээр дэлхийн дулааралтай тэмцэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэж туршилтыг явуулсан эрдэмтэд үзэж байгаа гэнэ. 

 

Үхэрнүүд хаа тарсан газраа шээх үед шээсэнд агуулагдах аммоний хөрстэй урвалд орж, хүлэмжийн үйлчлэл бүхий азотын хий хэлбэрт азотын исэл үүсгэдэг байна. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр агаар мандалд цацагдаж, дэлхийн дулааралд нөлөөлж буй нийт хийн 10 орчим хувь нь фермд өсгөн үржүүлж буй мал амьтнаас үүдэлтэй байдаг гэнэ.

 

Германы эрдэмтдийн туршилтад 16 үхэр оролцон, MooLoo гэж нэрлэгдсэн жорлонг туршилтын ферм дээр байгуулсан бөгөөд энэ жорлонгоос шээсийг дахин боловсруулалтад явуулдаг аж. 


Туршилтын явцад үхэрнүүдийг ээлжээр жорлон руу хүргэж, тэднийг энэ жорлонд шээвэл амттан өгч байжээ. Үхэр шээхээр дахин жорлон явбал дахиад амттан өгөх бөгөөд харин өөр газар шээвэл гурван секундын туршид ус цацаж байжээ. Арван өдөр сургасны дараа 16 үхэрний 11 нь өөрсдөө жорлон орох болсон байна. 

 

Эрдэмтдийн тооцоолсноор, ийм жорлонг олноор нэвтрүүлвэл үхэрний шээсний 80 орчим хувийг цуглуулан, агаар мандалд аммиак тарахыг 56 хувиар бууруулах боломжтой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ