Хятад 2025 он гэхэд хуванцар хаягдлын бохирдлыг эрс бууруулна

Хятад улс 2025 он гэхэд хуванцар хаягдлын бохирдлыг хамгийн бага хэмжээнд хүргэхээр эрмэлзэж байна. БНХАУ-ын Экологи, байгаль орчны яамны төлөвлөж байгаагаар хоол хүргэлтэд хуванцар сав ашиглахаас татгалзах, хуванцар хаягдлыг дахин боловсруулах аж үйлдвэрийн тусгай парк байгуулах, нуур, далай тэнгисийн эрэг орчимд хуримтлагдсан хуванцар хаягдлыг цэвэрлэх ажлыг эрчимжүүлэх ажлууд тусгагджээ.
Хятадад хуванцарын хаягдалтай тэмцэх ажлыг эхлээд хэдэн жилийн нүүр үзсэн юм. 2019 онд Хятадын олон хотын зочид буудлууд нэг удаагийн ариун цэврийн хэрэгслүүдээс татгалзсан нь хаягдалтай тэмцэх тал дээр хийсэн чухал алхам болсон. Экологчдын үзэж байгаагаар зочид буудлуудад ашиглагддаг нэг удаагийн хуванцар хэрэгслүүд нь байгаль орчин хуванцараар бохирдох хамгийн том эх үүсвэрүүдийн нэг байдаг гэнэ.
БНХАУ-д 13-15 сая зочид буудлын өрөө байдаг бөгөөд энэ өрөөнүүдийн 50 хувьд хүн буудаллавал өдөр бүр 6.5 сая багц нэг удаагийн хэрэгсэл хог дээр хаягддаг байна.
Далай тэнгист хуванцар хог хаягдал хуримтлагдах асуудлыг шийдвэрлэхийн тулд хэдэн өдрийн дотор усанд задардаг шинэ төрлийн хуванцарыг 2018 онд Хятадад гарган авчээ. Хятадад хуванцар хаягдалтай тэмцэх тал дээр Хайнань арал тэргүүлж байгаа бөгөөд өнгөрсөн онд энэ арал дээр гялгар уут, хуванцар сав, аяга, соруул үйлдвэрлэх, худалдах, ашиглахыг хориглосон юм. Улмаар 2025 он гэхэд задардаггүй хуванцараар хийсэн бүх төрлийн нэг удаагийн бүтээгдэхүүнийг хориглох юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ