Душанбед Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн хурал эхэллээ

Душанбе хотноо Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон даргажл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн дээд хэмжээний уулзалт эхэлсэн талаар Регнум агентлаг мэдээлжээ.
Дээд хэмжээний уулзалтад Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Станислав Зась, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров нар оролцож байгаа юм. Харин Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ойрын хүрээллээс нь коронавирусийн халдвар илэрч, тусгаарлалтад орсон тул энэ дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцох юм байна.
Рахмон уулзалтын үеэр Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагыг Тажикистан даргалсан үеийн үр дүнг дүгнэсэн байна. Энэ хугацаанд дэлхий дээр багагүй өөрчлөлт гарч, гэрээний байгууллагын гишүүн орнуудын үндэсний аюулгүй байдалд олон аюул занал, сорил тулгарсаныг тэрбээр онцолжээ.
Өмнө нь Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зась афганистан дахь нөхцөл байдал хурцадвал байгууллагын гишүүн орнууд Тажикистанд шаардлагатай цэрэг, техникийн бүхий л тусламжийг үзүүлэхээр тохиролцсон хэмээн мэдэгдэж байлаа. Тусламж үзүүлэх энэ саналыг өнөөдрийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ