Нидерланд хүн хоорондын зай барих журмыг цуцална

img

 

Коронавирусийн цар тахлын нөхцөлд Нидерланд улс 18 сарыг өнгөрөөсний дараа энгийн амьдралдаа эргэн орох том алхам хийжээ. Тус улсын Ерөнхий сайд Марк Рюттегийн мэдэгдсэнээр, есдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн энэ улсад хүн хоорондын 1.5 метрийн зай барих журмыг цуцлахаар болсон гэнэ. 

 

Хүн хоорондын зай баримтлах журмыг цуцалсанаар иргэд тоглолт үзэх, театрт очих, зоогийн газар болон кафегаар олноороо үйлчлүүлэх боломжтой болох юм байна. Гэхдээ нийтийн хоолны газрууд, соёл, спортын арга хэмжээнд очиж байгаа хүмүүс тарилга тариулсаныг гэрчлэх "ковид паспорт" эсвэл коронавирусээр өвдөөд эдгэрсэн тодорхойлолт, коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай аж.

 

Хэдийгээр журмыг цуцалж байгаа ч иргэдийг нэн анхаарал болгоомжтой байхыг Засгийн газар уриалжээ.

 

"Коронавирусийн цар тахлаас өмнө байсан шиг бүх зүйл хэвэндээ орно гэсэн үг биш. Халдварын шинэ тохиолдлууд олон байна, олон ч хүн эмнэлэгт хэвтэж байгаа" хэмээн Нидерландын Ерөнхий сайд мэдэгджээ.

 

Нидерланд улс "ковид-паспорт" нэвтрүүлсэнээр дархлаажуулалтын явцыг нэмэгдүүлэхээр эрмэлзэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус улсын хүн амын 63 хувь нь вакцинд хамрагджээ. Нидерландын 100 мянган хүн амд ноогдох халдварын тоо долоо хоногт 100 байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт халдварын тоо бага зэрэг буурсан байна. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр одоогоор дунд сургуулиуд халдварын томоохон голомт болоод байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ