Бразилийн Ерөнхийлөгч тусгаарлагдав

НҮБ-ын чуулганд оролцож буй Бразилын Ерөнхийлөгчийг дагалдан явж байгаа Эрүүл мэндийн сайд Марсело Кейроги коронавирусийн халдвар авсан талаарх мэдээлэл есдүгээр сарын 22-ны өдөр гарч байлаа. Үүний дараа Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару өөрийгөө тугсаарлах шийдвэр гаргажээ.
Тэрбээр өөрийн амьдардаг Алворада ордонд тусгаарлагдсан бөгөөд ямар ч шинж тэмдэггүй байгаа гэнэ. Болсонару мягмар гарагт Эрүүл мэндийн сайдтай уулзсан, ойрын хавьтагчаас шинж тэмдэг илрэх магадлалтай өдөр нь хавьтал болсноос хойш тав дахь өдөр нь байдаг тул бямба гарагийн орой, эсвэл ням гарагийн өглөө Ерөнхийлөгч PCR шинжилгээ өгөх аж.
Болсонарутай хамт Нью-Йорк хотод ажилласан төлөөлөгчдийн багийн бусад гишүүд хэдийнэ PCR шинжилгээ өгсөн, нэгнээс нь ч коронавирус илрээгүй байна.
Энд дуулгахад, Бразилын Ерөнхийлөгч Нью-Йоркод ажиллах үеэр түүнийг зоогийн газар руу дотогш нэвтрүүлээгүй талаарх мэдээлэл гарч байлаа. Тэрбээр коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин хийлгээгүй тул зоогийн газарт хооллох боломжгүй болж, хамт явж байсан хүмүүсийнхээ хамт гадаа зогсон, пицца иджээ. Бразилын Ерөнхийлөгч коронавирусийн халдварт тоомжиргүй ханддаг нэгэн. Тэрбээр энэ өвчнийг энгийн л нэг ханиад хэмээн удаа дараа мэдэгдэж, Бразилд өвчний тархалт гаарчихсан байх үед ч мужуудыг хязгаарлалтаа цуцлахыг уриалж байлаа. Мөн өөрийнх нь биеийн дархлаа сайн тул вакцин хийлгэх шаардлагагүй гэж мэдэгдэж байсан ч өнгөрсөн онд халдвар авч эмнэлэгт хэвтэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ