Боловсролын багц хуулиар цахим хэлэлцүүлэг хийв
2021-09-23

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2021.09.23/ "Боловсролын багц хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслөөр цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, аймаг сумдын багш нарын төлөөлөл оролцов. Ардчилсан намын Хууль зүйн бодлогын хорооны дарга Д.Оросоо тус хуулийн танилцуулгыг хийв.

 

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нээлээ. Тэрээр "Энэхүү багц хууль нь манай улсын сургалтын чанар, стандартыг олон улсын хэмжээнд хүрэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй хууль. Иймд салбарын мэргэжилтнүүд идэвхтэй санал бодлоо илэрхийлэх хэрэгтэй" гэв. Хэлэлцүүлэгт оролцсон багш нараас

1. Багш нарын тэтгэврийн насыг наашлуулах. Гучин жил ажилласан хүнийг 55 настайд нь тэтгэвэрт гаргадаг болгох шаардлагатай.

2. Багш нарын ачаалал их боловч цалин маш бага. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд багш нар гурван удаа олныг хамарсан жагсаал, тэмцэл хийж байсан. Гэвч цалин огт нэмэгдээгүй өдий хүрсэн.

3. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилдог босоо удирдлагын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Тухайн аймаг, сургууль, цэцэрлэгийн хэрэглэгчид буюу хүүхэд, эцэг эхээс санал авч удирдлагыг шалгаруулах нь хамгийн зөв. Ингэснээр намын харьяалал арилж ажил урагшилна.

4. Боловсролын сайдыг тодорхой стандарт шалгуурт тэнцсэн хүнээр сонгодог байх нь зөв. Тухайлбал тус салбарт 10-20 жил ажилласан байх ёстой. Ингэснээр салбарын асуудлаа ойлгож шийдлийг олоход дөхөм байна зэрэг бодитой олон санал, шүүмж гарлаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдрийн хэлэлцүүлгээс гарсан санал санаачилгыг Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн гишүүний хувьд уг төсөлд хамруулахад идэвхтэй ажиллахаа онцоллоо.

Эх сурвалж: УИХ дахь АН-ын бүлэг

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
АН засгийн эрх барихаараа Боловсролын хуулийг заавал муутгадаг. Гантөмөр гэж саад бүр үндэсний стандартыг үгүй хийсэн, цөм хөтөлбөр ч бил үү гаргаж ирсэн нэрээр сургууль бүр дурын сургалт явуулж, хувийн сургуулиуд мөнгө хүүлэх үүд хаалгыг дэлгэсэн, одоо өөрөө ГЛОБАЛ гээд бүтэн хотхон бариад тансаглаж сууна. Иймэрхүү л хорон бодлого, хорт үйл ажиллагаатай наманцар.
2021-09-23