Япон онц байдлаа цуцална

Коронавирусийн халдварын нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор зургадугаар сарын эхээр нэвтрүүлсэн онц байдлын горимыг энэ сарын сүүлээр цуцалж магадгүй гэнэ. Энэ талаар тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн сайд Норихиса Тамура мэдэгдсэнийг NHK дамжуулжээ.
Эрүүл мэндийн сайдын онцолсноор коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдал дордохгүй, өнөөгийн төвшинд байвал есдүгээр сарын сүүл гэхэд онц байдлын дэглэмийг цуцлах аж. Гэхдээ цар тахлаас өмнөх хэвийн амьдралдаа алхам алхмаар, аажим, удаанаар шилжинэ гэж Тамура онцолжээ.
Японы 19 мужийн есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл онц байдлын дэглэм үйлчлэх юм. Онц байдлын үеэр нийтийн хоолны газрууд ажиллах хуваарьт хатуу журам тогтоож, согтууруулах ундаа худалдахыг хязгаарлах, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах болон бусад олон салбарт хязгаарлалт тогтоосон.
Одоогоор Японд хүн амаа вакцинд олноор нь хамруулж байгаагийн үр дүнд коронавирусийн өвчлөл буурах хандлагатай байгаа юм. Энэ улсад хүн амынх нь 53,1 хувь буюу 67,2 сая хүн коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ