Бензинд дугаарласан британичууд

Монголчууд түлшний хомстолоос үүдсэн их дараалалд зогсож байх зуур дэлхий өөр өнцөгт ч бензинд дугаарласан олон хөдөлгөөн хааж, асар урт дараалал бий болгов. Энэ бол Британи улс.
Их Британийн шатахуун түгээх станцууд дээр бензинд дугаарласан машинууд гурав дахь өдрөө дараалан зам дагуу түгжирч, хөдөлгөөн хаасан талаар ВВС агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, бензин дууссан ШТС-уудаас бусад бүх газарт урт дараалал үүссэн гэнэ.
Зарим ШТС дээр бухимдсан жолооч нар ажилтан руу дайрсан хэрэг ч гарсан гэнэ. Өнгөрсөн баасан гарагт хэвлэлүүдээр тус улсад ачааны машины жолоочид хангалтгүй болсон, улмаар бензин тээвэрлэх жолоочгүй болсон талаарх мэдээлэл гарсны дараагаас л жолооч нар ШТС зорин, бензин авахаар дугаарлаж эхэлсэн гэнэ.
Бензин хангалттай байгаа, нөөцлөх гэж дугаарлах гэсний хэрэггүй гэж эрх баригчид мэдэгдсээр байна. Энэ салбарын мэргэжилтнүүд ч үнэхээр бензин байгаа, гэхдээ бензин түгээгүүрийн машины жолооч нар хүрэлцээгүй болсны улмаас түлш хүргэлт саатах болсныг онцолжээ.
Ингээд асуудлыг шуурхай шийдвэрлэхийн тулд Европоос 5000 жолоочийг түр хугацааны визээр урихыг Засгийн газар зөвшөөрчээ. Түлшний компаниуд энэ алхмыг ихээхэн дэмжин хүлээн авсан ч нийтдээ 90 мянган жолооч дутагдаж байгаа энэ үед 5000 жолооч авчирах нь хангалтгүй, тэр дундаа Зул сарын баяр хаяанд тулж байгаа энэ үед эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт тасалдвал хүндхэн нөхцөл байдал үүснэ хэмээн анхааруулсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ