"Спутник V" вакцинтай хүмүүсийг АНУ нэвтрүүлэхгүй байж болзошгүй

Оросын "Спутник V" вакцин тариулсан гадаадын иргэдийг АНУ-ын эрх баригчид 11 дүгээр сараас эхлэн Америк руу нэвтрүүлэхийг хориглож болзошгүй гэнэ. Энэ талаар The Washington Post мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-руу нэвтрэх хүсэлтэй хүмүүс ДЭМБ эсвэл Америкийн эрх баригчдын зөвшөөрсөн вакцин тариулсан байх ёстой гэнэ. Одоогоор "Спутник V" вакциныг ДЭМБ зөвшөөрөөгүй байгаа юм.
Энэ шаардлага нь "олон мянган орос хүний эрх ашигт нөлөөлөх" гэнэ. Виржиниягийн их сургуулийн профессор Жудит Твигг Вашингтон пост сонинд мэдээлэл өгөхдөө энэхүү хориг нь Оросын аялагч, жуулчдыг АНУ-д жуулчлахад ихээхэн саад болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Вашингтон пост сонины энэ мэдээлэл гарсны дараа АНУ дахь Оросын Элчин сайдын яам тайлбар хийсэн байна. Дипломатуудын мэдэгдсэнээр, элчин сайдын яам аливаа асуудлаар АНУ-ын албан ёсны эрх баригчдын шийдвэр дээр тулгуурладаг бөгөөд "бидний мэдэж байгаагаар Спутник-V" вакцин тариулсан хүмүүсийн зорчихтой холбоотой ямар ч шийдвэр гараагүй " хэмээн мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ