Миний сайхан Монгол очерын орон билээ

img

Яагаад Монголын үйлчилгээ бүхэн иргэдээ очерлуулж, дугаарлуулж, амьдралын хором мөч бүрээс нь хумсалдаг юм бэ? Амь насаа аварч, эрүүл мэндээ хамгаалахаас эхлээд энгийн хэрэгцээгээ хангах хүртэлх бүх үйлчилгээ очер дугаартай. Дээхнэ үед мах, сүүндээ очерлодог байсан бол одоо төрийн үйлчилгээнд бас түлшиндээ. Зарим хүн насаараа л очерлолоо гэж гомдоллох, хошигнохын завсар ярьж байгаа ч үнэндээ цөхрөл шүү дээ. 

 

Шинжилгээнд очерлов

 

Коронавирусийн халдвар дэгдэж, бидэнд бас нэг шинэ очер үүсэв. Эхэндээ хөдөлгөөн бүхэн ПСР шинжилгээ шаардаж, иргэд шинжилгээний цагт хэдэн зуугаараа очерлож байв. Эмнэлгээс үйлчилгээ авах, ажилдаа очих, хөдөө гадаа явах гээд үйлдэл бүхэн сөрөг гэсэн хариу шаардаж, бид өнөөх л заншлаараа очер дугаарын зовлонг амссан. Одоо шаардах шалтгаан багассан ч шинжилгээний цаг очер дугаартай хэвээрээ л байгаа.

 

 

Эмнэлгийн оронд очерлов

 

Коронавирусийн халдвар авсан бүхэн эмнэлэгт хэвтэх боломжгүй гэдгийг ухамсарласан иргэд аль болох эмнэлэг явахгүй, гэртээ өөрийгөө эмчлэхийг хүсч байгаа. Гэвч эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагатай олон хүн бий. Тэд мөн л эмнэлгийн ор хүлээн очерлож байна. Хэзээ эмнэлгээс дуудах бол гэсэн хүлээсэн дунд биеэ дордуулчихгүйн төлөө хичээж байна.

 

Шатахуунд очерлов

 

Асуудал мундсан мэт шатахуун бас нэмэр дээр нэрмээс болов. Шатахууны хомстол үүсэх нь, үнэ нэмэгдэх нь гэсэн сургаар очерлож дугаарладаг нийслэлчүүд энэ удаа жинхэнээсээ хомстолыг мэдэрлээ. Замын нэгдүгээр эгнээг хааж, өдөржин шөнөжин шатахуунд очерлолоо. Машиныхаа банкийг дүүргэх бус 30 мянган төгрөгийн лимиттэй шатахуун авахын төлөө зарим нь бүр зодолдож байв. Импортлогч орны зовлонг иргэд нь ч амслаа. Орос, Хятадаас ирэх шатахууныг цувааг харж баярладаг цаг ирэх гэж.

 

 

Торгуулиа төлөх гэж очерлов

 

УИХ-ын баталсан Өршөөлийн хуульд хамрагдахын тулд иргэд хэдэн өдөр очерлож байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийнхаа 50 хувийг төлчихвөл үлдэгдэл нь Өршөөлийн хуульд хамрагдан, хүчингүй болох учиртай. Энэ өршөөлд хамрагдахыг хүссэн иргэд банкинд очерлон дугаарлаж өдрийг барж байна. Аливаа зүйлийн цагийг нь тулгаж хийдэг монгол зан цахим системийг нь бүрэн гацааж, очерлож дугаарлахаас өөр аргагүй нөхцөлийг үүсгэлээ. Ээ дээ, монгол хүний зан, монгол төрийн үйлчилгээ, хэцүү дээ, хэцүү.

 

Шахмал түлшинд очерлов

 

Одоо харин нийслэлчүүд сайжруулсан шахмал түлшинд очерлож байна. Энэ долоо хоногийн даваа гаригаас эхлэн 40 цэгээр сайжруулсан шахмал түлшийг борлуулж эхэлсэн. Гэвч энэ үйлчилгээ иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасангүй, мөн л уртаас урт очер дараалал үүсгэлээ. Хүйтэн сэрүүний улирал ирэх нь тодорхой байхад ядаж иргэдээ гал хөсөөр нь хясаж боохгүй байх юмсан.  

 

Хүнд хэрэгтэй, шаардлагатай үйлчилгээ хүртээмжтэй байсан бол хэн очерлож, цаг заваа барахыг хүсэхэв дээ!

 

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хөдөө тал минь малаар дүүрэн Хөндий тал минь эрдэнээр дүүрэн Хөөрхий монгол минь гачигдлаар дүүрэн
2021-09-30
Зохиолч Л. Пүрэвдорж:
Улс болгонд арай биш ээ. Жишээ нь : Израильд оочор байхгүй юм билээ. 7 сая хүнтэй улс шүү дээ. Манайх гуравхан сая хүнтэй атлаа нилээд оочор. Бүдүүлгийн гай.
2021-09-30
Зочин:
Бас ченжийн орон болсон...
2021-09-30
Одоо болсоон. Оюун-Эрдэнийг огцоруул
2021-09-29
Ochriig hurtel olion bantan bolgodogtoo manaihan oochroos aigaad baigaa yum
2021-09-29
Иргэн:
Билгүүн номч Ренчин гуайгаас очер гэдгийг юу гэж орчуулах вэ гэж асууж л дээ. Орчуулж хэрэггүй, хаанаас гаралтай гэдгийг хүмүүс мэдэж байг гэсэн гэдэг.
2021-09-29
Дэлхийн аль ч улсад очер байж л байдаг тэртусмаа ардчилсан улсуудад. Бид л харин очероо хүнд захьдаг. Худлаа ярьж урдуур нь дайрдаг заавал арын хаалгаар ордог.
2021-09-29
Зохиолч Л. Пүрэвдорж:
Улс болгонд арай биш ээ. Жишээ нь : Израильд оочор байхгүй юм билээ. 7 сая хүнтэй улс шүү дээ. Манайх гуравхан сая хүнтэй атлаа нилээд оочор. Бүдүүлгийн гай.
зочин:
1990 оноос өмнө уртаас урт оочер байсан. Одоо Мангарууд биднийг соц үеийн шиг оочерлуулдаг болов.Эргэх цагаа гэж.Хуучин нийгэм бидэнд уул нь хэрэггүй л юм сан
2021-09-29
Дэлхийн аль ч улсад очер байж л байдаг тэртусмаа ардчилсан улсуудад. Бид л харин очероо хүнд захьдаг. Худлаа ярьж урдуур нь дайрдаг заавал арын хаалгаар ордог.
sdf:
дэлхий даяар очерүүд байдаг юм мал минь манайхаас ч урт очерүүд байдаг
2021-09-29