ВИДЕО: Хятад анх удаа үл үзэгдэгч сөнөөгч онгоцуудаа үзүүлэв
Хятад улс дотооддоо үйлдвэрлэсэн хөдөлгүүрээр тоноглогдсон, J-20 төрлийн "үл үзэгдэгч" сөнөөгч онгоцоо анх удаа олон нийтэд таницлуулсан талаар CNN мэдээллээ. Энэ онгоцыг Хятадын өмнөд хэсгийн Жухай хотод болж буй агаарын шоуны үеэр нийтэд танилцуулжээ.
Шинэ онгоцонд Хятадын Ардын чөлөөлөх армийн Агаарын цэргийн хүчинд боловсруулсан WS-10 хөдөлгүүр суурилуулсан байна. J-20 төрлийн өмнөх онгоцуудад Оросын хөдөлгүүрийг ашигладаг байсан юм.
Шинжээчид Хятадын энэ "үл үзэгдэгч" сөнөөгч онгоцуудыг Америкийн F-22 онгоцтой өрсөлдөнө гэж үзэж байгаа бол Америкийн албан тушаалтнууд J-20 онгоцыг Америкийн сөнөөгчидтэй өрсөлдөхүйц биш хэмээн мэдэгдэж байв. Тухайлбал, 2016 онд АНУ-ын Агаарын цэргийн хүчний штабын тухайн үеийн дарга Дэвид Голдфейн мэдэгдэл хийхдээ J-20 онгоцны технологи нь АНУ 1983 онд ашиглаж, 2008 онд "тэтгэвэрт нь гаргасан" F-117А сөнөөгчийнхтэй адилхан хэмээн онцолж байлаа.
Чэнду J-20 онгоцны тухай
Өчигдөр танилцуулсан үл үзэгдэгч сөнөөгч нь Чэнду J-20 хэмээх дөрөв, тавдугаар үеийн сөнөөгчийн ээлжит нэг хувилбар юм. Чэнду J-20 сөнөөгчийг Чэнду хот дахь Агаарын аж үйлдвэрийн корпорацид боловсруулсан. Анх 2017 онд зэвсэглэлд нэвтэрч байв.
"Хар бүргэд" хэмээн нэрлэгддэг энэ онгоцыг анх 2016 оны 11 дүгээр сард болсон агаарын шоуны үеэр танилцуулж байлаа. Мөн оны 12 дугаар сард БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Агаарын цэргийн хүчний сургалт-туршилтын төвд хамаарах 176 дугаар бригадын бүрэлдэхүүнд энэ онгоцуудыг оруулж, 2017 оны гуравдугаар сард зэвсэглэлд албан ёсоор нэвтрүүлсэн юм.
Энэ сөнөөгч онгоцонд Оросын хөдөлгүүр ашигладаг гэх мэдээлэл бий. Гэхдээ онгоц боловсруулалтын тактик техникийн үзүүлэлтүүдийн ихэнхийг нууцалдаг. Онгоцны урт 20,3 метр, хоосон үеийн жин 17 000кг , өндөр 4,45 метр, далавчны талбай 73 квадрат метр байдаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ