Сиймхий гэрийн сүүдэрт нуугдсан Сонгинохайрханы амьдрал

Намрын шаргал өдрүүд буцахдаа зэрэгцээд УИХ-ын нөхөн сонгуулийн уур амьсгал Сонгинохайрхан дүүрэгт хэдийнэ эрчимжжээ. Амралтын өдөр гэхэд хөл хөдөлгөөн ихтэй, хүн зон холхиостой. Энд тэндгүй сонгуулийн сурталчилгааны самбар хатгаастай. УИХ-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрогт нийт 10 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж. Хамгийн их самбартай нь МАН-аас нэр дэвшигч Э.Бат-Шугар, дараагийнх нь “ Зөв хүн- Электорат эвсэл”-ээс нэр дэвшигч Б.Найдалаа, түүний дараа “ Үнэн ба Зөв” намын А.Отгонбаатар яваа нь илт харагдана. Э.Батшугарын самбар нэг алхаад л таарах бол А.Отгонбаатар, Б.Найдалаа хоёрын аман хүзүүдэх маягаар ар араасаа явах. Харин АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүлийнх бараг алга. Гэхдээ мэдээж ор байхгүй гэвэл худал болно.
Нэр дэвшигч Э.Бат-Үүл намынхаа сурталчилгааны байруудад самбараа тавьжээ. Бусад нэр дэвшигчдийн хувьд хаа нэгтээ самбараа зоосон нь нэр дэвшээд байна уу, санал хуваахаар орж ирсэн юм уу гэх бодол төрөхөөр байв. Харин тус дүүргийн сонгогчдын хувьд идэвхи сайтай харагдана. Ковидын журмын дагуу бүгд маскаа зүүж, өөр хоорондын зай авч суужээ. Үүнээс нам, намын ухуулагч нар ажилдаа ихээхэн хичээж ажиллаж байгаа нь мэдэгдэж байлаа. Учир нь тэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ковидын хорио хязгаарлалтад цэг тавихыг хамгийн түрүүнд хүсч байгаагаас гадна өнөөдрийн Засгийн газарт сэтгэл хангалуун бус байгаагаа, эрх чөлөөт ардчилсан Монголын үзэл санаа өдрөөс өдөрт алсран одож буйд сэтгэл зовниж буйгаа нуухгүй байлаа. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуульд ардчиллын салхийг дахин сэвэлзүүлэхийн төлөө Ардчилсан намаас нэр дэвшигч Эрдэнийн Бат- Үүлийг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Энд зөвхөн ардчилсан намын гишүүд хамаарахгүй гудамжаар явж байгаа энгийн иргэд ч үзэл бодлоо өөрчлөхгүй гэдгээ хатуухан хэлж байсан юм. Сонгинохайрхан дүүргийн хувьд ядуурал, ажилгүйдлээрээ бусад дүүргээ “тэргүүлдэг” байна. Халамж нэртэй хэсэгхэн мөнгө нь хаанаа ч хүрдэггүй, хөдөлмөрлөх нөхцөл байхгүй, ажлын байргүй нь иргэдийн итгэх итгэл, амьдрах зоригийг мохоодог аж. Өнгөрсөн жилүүдэд МАН-аас сонгогдсон гишүүд нь тойрогтоо ирэх нь ховор, телевизийн дэлгэцээр худал үг ярих нь олон болсон учраас тэдэнд энэ удаа итгэхгүй, харин АН-ын нэр дэвшигч Э.Бат- Үүлд итгэж байгаагаа хэлж байлаа. Учир нь түүнийг Хотын даргаар ажиллаж байх хугацаандаа хийсэн ажлаа гүйцээхийг иргэд хүсдэг байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг Үүл даргаас илүүтэй мэдэх хүн тун бага байдгийг өнгөрсөн хугацаанд ойлгосон гэдгийг сонгогчид онцолж байв.
Үүнтэй зэрэгцээд ядуурал ихээхэн газар авснаар сиймхий гэр сэтэрхий зүү ч гүй айл өрхүүд өдөр бүр нэмэгдэж байгаа гэж Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны дарга Д.Жамбалдорж онцлон хэлж байлаа. Тэрбээр “манай дүүргийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд ядуурал газар авч үүнээс улбаалсан гэмт хэрэг өсөх хандлагатай болсон төдийгүй гэр бүлийн салалт ч их байна. Энэ нь нэг талаараа тухайн иргэдийн ухамсар мэт боловч нөгөө талаараа нийгмийн золиос болж байгаа гэж харж байгаа. Эрх баригчид иргэдийнхээ амьдралыг үнэхээр мэдэхгүй байгаа. Сэтгүүлч та нар үүгээр яваад үз. Үнэндээ сэтгэл эмзэглүүлмээр яаж амьдрах ухаанаа олохгүй зөндөө айл өрх бий” гэсэн юм. Ерөнхий зураглалаар нь харвал тус дүүргийнхний амьдрал ахуй ихээхэн дордож, иргэд нь дэлгүүрийн зээлтэй, түлээ түлш муутай, хоногийн хоолоо арай ядан залгуулж байгаа нь наад захын айлуудаар ороход мэдэгдэх.
Өөрчлөлт шинэчлэлт гэхээсээ илүү иргэдийнхээ ахуйг бодсон нэг ч дорвитой шийдвэр гаргаагүй, гарахгүй байгаад л хэргийн учир байх шиг. Уг нь бол аль ч намын, аль ч засгийн үед иргэдийн амьжиргааг нэгдүгээрт тавигдах ёстой атал энэ бүхнийг хэдийнэ мартсан болохыг Сонгинохайрхан дүүргийнхний амьдрал харуулж байлаа. Завсар зайгүй халамж цутгаж энэ нь дорвитой биш, муухайгаар хэлбэл өл даах хоол залгуулж яваа нь энэ Засгийн газрын харалган бодлогын нэг гэдэг нь цаг хугацааны эрхээр ялгагдаад ирлээ. Ингээд цаашлаад халамжлуулаад явах юм уу, хойч ирээдүйнхээ төлөө хөдөлмөрлөөд, бүтээгээд явах юм уу. Ардчилал, шударга ёс, эрх чөлөөнийхөө төлөө бат цайз мэт зогсч чадах жинхэнэ сонголтын өмнө Сонгинохайрхан дүүргийн иргэн Та иржээ. Энэхүү сонголт бол зөвхөн таны биш, бүх Монголчуудын үнэ цэнтэй сонголт гэдгийг юм гэдгийг хэлмээр санагдлаа.
Эх сурвалж: ugluuniishuudan.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ