Х.Нямбаатар: 0.07 га-аас бусад бүх газрыг зөвхөн дуудлага худалдаагаар борлуулна

Засгийн газар долоо хоног бүрийн ээлжит хуралдаанаараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын ахалж буй Авлигын эсрэг ажлын хэсгийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцдэг. Өнөөдрийн хуралдаанаар уг ажлын хэсгийн өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлыг танилцуулжээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Авлигын эсрэг ажлын хэсэг:
-
Авлигатай тэмцэх хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомж боловсруулахад мэргэжилтнүүдийг татан оролцуулах ажил хийж байна. Ирэх 10 дугаар сарын дундуур Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ хуулийн төсөлд сэтгүүлчдийн эрхийг хамгаалах чиглэлээр бүлэг асуудлыг тусгаж байгаа.
-
Авлигын индексийг бууруулах чиглэлээр төрийн үйл ажиллагааг цахимжуулж, бүтцийг бууруулах замаар шат дамжлагыг багасгах, төрөөс олгодог зөвшөрлийг тоог бууруулах цогц ажлууд хийгдэж байгаа. Энэ хүрээнд 10 дугаар сарын 01-нээс эхлэн сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Газрын албаны цахим системээс гэрчилгээгээ хэвлэн авах боломжтой болно. Мөн иргэдэд үнэгүй олгох 0.07 га газраас бусад бүх газрыг зөвхөн дуудлага худалдаагаар борлуулах зохицуулалт хийнэ.
-
Урьчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил хийж байна.
2022 оны 01 дүгээр сард Транспэрэнси интернэшнл байгууллагаас Монгол Улсын авлигын индексийг гаргана. 2021 оны 01 дүгээр сарын эрэмбээр Монгол Улс 180 орноос 111-д бичигдэж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ