Сурвалжилга: Алсын Канадаас тээсэн бодол Өргөө болон СҮНДЭРЛЭЛЭЭ

img
Гэрэл зургийг MPA.mn 

 

“Одоогоос 10-аад жилийн өмнө Канадад ажлаар явж байлаа. Тухайн үед нэг хүн надаас “Монгол Улсад хэдэн битүү дээвэртэй Мөсөн өргөө байдаг вэ” гэж асуулаа. Би юу ч бодолгүйгээр “БАЙХГҮЙ” гэж хариулсан. Гэтэл “нэг сая гаруй хүн оршин суудаг хотод яагаад Мөсөн өргөө байдаггүй юм бэ” гэв. Би хариуд нь манайд маш том “Туул” гол байдаг. Бид гадаа гулгадаг гэлээ. Ярилцагч маань намайг эвгүй байдалд оруулахгүйн тулд “Гадаа гулгах ч гоё шүү” гэсэн юм. Энэ цагаас л эхлэн Мөсөн өргөөний талаар бодож эхэлсэн. Өнөөдөр бодол маань биеллээ олж байна. Мөсөн өргөөнд ирсэн хүн бүхэн баяртай байна” гэж “Мөсөн өргөө” төслийг санаачлагч “Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ын дарга П.Цагаан баяртайгаар өгүүлнэ. Тэрбээр үргэлжлүүлэн “Ирээдүй болсон хүүхэд багачууд маань гадаадад очиж гайхдаг биш эх орондоо гулгах боломжтой  газрыг байгуулж чадсандаа баяртай байна. Мөсөн өргөөгөө үндэсний компаниудаараа бариулах бодлого баримталсан нь зөв шийдвэр байлаа. Гадаадын мэргэжилтнүүдээс зөвлөгөө дэмжлэг авсан. Хөл хорионы үед ч ажил маань зогсоогүй. Мөсөн өргөө нь олон улсын хамтын ажиллагааны болон Үндэсний бүтээн байгуулалт юм” гэв.

 

Арван жилийн дараа бодит болж сүндэрлэсэн Мөрөөдөл биелэх Мөсөн өргөөгөөр зочилсон сурвалжилгаа эрхэм танд дэлгэе.

 

“Шинэ яармаг” хорооллын урд, “Буянт-Ухаа 2”-ын зүүн зүгт байрлах Мөсөн өргөө.  Бидний хэдэн нөхөд Мөсөн өргөөний төв хаалгаар орлоо. Нээлтэд оролцохоор олон зочид цугласан байв. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөнө. Үйл ажиллагааг зохион байгуулагчид Мөсөн өргөөг танилцууллаа. Мөсөн өргөөний шавыг 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд тавьж байсан аж. Мөсөн өргөө нь олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэн бөгөөд тамирчид, эмч, шүүгч, сургалтын өрөөтэй гэнэ. Мөн мөс сэргээн засварлах хоёр машин ч бий.

 

Канадын  HDR/CEI, VDA зэрэг спортын барилга байгууламжийн зураг төслийн  мэргэжлийн байгууллага, архитекторчдоос зөвлөгөө авч, Монголын Анаграмм компанийн залуус өргөөний зураг төслийг гаргажээ. Ингэхдээ Юнайтед Прожектс Корпорэйшн компани Мөсөн өргөө төслийн барилгын зураг, газар, дэд бүтцийн асуудлыг хариуцаж, МАК өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж, Степпелинк холдинг дуу авиа, гэрэл сүүдэр, дүрс бичлэгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох мэдээллийн технологийн ухаалаг шийдэлтэй ордон болгох ажлыг тус тус гүйцэтгэсэн байна.

 

Мөсөн өргөөг бүтээн байгуулахад Монголын 95, гадаадын 6 компани нийт 1600 барилгачин, инженер техникийн ажилтнууд оролцсон бөгөөд 2600-3600 хүний суудалтай аж. Мөн Монголын үндэсний компаниудаас гадна ОХУ, БНХАУ, Канад, АНУ, Австри зэрэг олон орны инженер техникийн ажилтнуудын хамтран ажилласан байна.

 

Хоккей, уран гулгалт, шорттрейк зэрэг өвлийн спортын төдийгүй танхимын спортын тэмцээн уралдаан зохион байгуулах, мөн урлагийн тоглолт, шоу, үзэсгэлэн, хурим найр, хурал цуглаан зэрэг ямар ч   арга хэмжээ зохион байгуулах боломжтой гэнэ.

 

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

Удалгүй Мөсөн өргөөний нээлтийн арга хэмжээ албан ёсоор эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, төслийг санаачлагч, төсөлд хамтран оролцсон хувийн хэвшлийн ААН-үүдийн төлөөлөл оролцож үг хэллээ.

 

 

Мөсөн өргөөний дэвжээнээс Олимпын медальтнууд, Олимпын аварга төрнө гэдэгт огт эргэлзэхгүй байна

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Дөрвөн жилийн өмнө миний бие Шадар сайдаар ажиллаж байхдаа “Мөсөн өргөө” төсөлтэй анх танилцаж дараа нь Ерөнхий сайд байхдаа  тухайн үед ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамт суурин дээр ирж ажиллаж байсан. “Эвтэй бол хүчтэй” гэж манай ард түмэн ярьдаг. Эвлэлдэн нэгдэж ард түмнийхээ хүсэл мөрөөдлийг биелүүлж мөнхөд байх Мөсөн өргөөг цогцлоон босгожээ. Монгол Улсад анх удаа инженер, шинэ технологи, шийдлийг нутагшуулж, хүнд нөхцөл байдалд бэрхшээл сорилтыг даван туулж их бүтээн байгуулалтыг хийсэн та бүхэндээ талархал дэвшүүлж байна. Монгол Улс Олон улсын Олимпын хорооны стандартад нийцсэн өвлийн спортын битүү ордонтой болж байна. Баг тамирчид маань өвлийн олимпд амжилттай оролцох боломжийг бүрдүүлж, хүүхэд багачууд маань шинэ мөрөөдлөөр жигүүрлэх үүд хаалгыг нээж байна. Гэр бүл, найз нөхөд, анги хамт олноороо эрүүл аюулгүй орчинд чөлөөт цагаа өнгөрөөх нөхцөлийг бий болгосон энэхүү Мөсөн өргөө нь Монголын спорт төдийгүй соёлын салбар, барилгын салбарын онцлог бүтээн байгуулалт болж сүндэрлэн босож чадлаа. Дөрвөн улиралд дураараа гулгах энэ Мөсөн өргөөний дэвжээнээс Монголын анхны Олимпын медальтнууд, Олимпын аварга төрнө гэдэгт огт эргэлзэхгүй байна. Тэр цаг тун удахгүй ирнэ гэдэгт итгэл төгс байна" гэлээ. 

 

Ингээд Мөсөн өргөөний жаврыг үргээж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Шаравын хөгжим алдарт “Сэрсэн тал” бүтээлийг Монгол Улсын Морин хуурийн чуулга эгшиглүүллээ. Үүний дараагаас Олимпын зэрэглэлийн залуу тамирчин О.Ивээл нүд баясгам уран гулгалтын үзүүлбэр үзүүлэв. Ингээд нээлтийн үйл ажиллагаа хоккейн нөхөрсөг тоглолтоор үргэлжлэв.

 

Мөсөн өргөө нь огторгуйн ферм, ЗИП дээврийн систем, эвхэгддэг шал, хөргүүр, консол, агаар сэлгэлтийн инженерчлэл зэрэг шинэ технологи, шилдэг шийдлийг Монголд анх удаа нутагшуулсан бүтээн байгуулалт юм.

 

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

Хувийн хэвшлийн манлайлал үзүүлж байгаа ААН-үүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түүхэн үйл явдал болж байна. Нийслэл хотод бүх төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой Мөсөн ордонг хувийн хэвшлүүд бүтээлээ. Тиймээс хувийн хэвшлийн манлайлал үзүүлж байгаа ААН-үүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хүүхэд залуучуудын  өвлийн олимпд оролцох, заалны спортоор хичээллэх боломж бололцоог бүрдүүлсэн хамт олны өгөөмөр сэтгэлийг хотын иргэд сайхнаар хүлээж авах нь ойлгомжтой. Цаашдаа ийм бүтээн байгуулалтыг  төр хувийн хэвшлийн хүрээнд олон ААН-үүдтэйгээ Улаанбаатар хотын захиргаа хамтран бүтээн байгуулалтад оролцоно. Маш олон ажлууд биднийг хүлээж байна” гэв. 

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

Өнөөдөр мөрөөдлөө биелүүлж байна

 

“Мөсөн өргөө” төслийн гол санхүүжүүлэгчээр “Ачит Ихт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг “Мөсөн өргөө нь бидний хүүхэд насны мөрөөдлийн үргэлжлэл юм. Өнөөдөр бид мөрөөдлөө биелүүлж байна. Өвөг дээдэс маань биднийг “эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг сургаалаар хүмүүжүүлсэн. Тиймээс хүүхэд бүр ямар нэгэн спортын төрлөөр хичээллэдэг байлаа. Харамсалтай нь тухайн үед Мөсөн өргөө байгаагүй. Тиймээс голын мөсөн дээр тоглодог байлаа. Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, залуу үеийнхнийгээ спортоор хичээллэх боломж бүрдүүлж нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлэн ажилласан юм” гэж ярьлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

“Бээжин-2022” өвлийн 24 дэх удаагийн олимпын наадам нээлтээ хийхэд хэдхэн сарын хугацаа үлджээ. Энэ хугацаанд Манай улс жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилт хийх боломжтой стандарт шаардлага хангасан Мөсөн өргөө байгуулсан нь ирэх өвлийн олимпд манай баг тамирчид маань амжилтаа ахиулах, цааш цаашдын тэмцээн уралдаануудад амжилттай оролцох боломжийг бүрдүүлж байгаа юм. Ийнхүү алсын Канадаас тээсэн бодол Өргөө болон их хотод маань сүндэрлэлээ. Цаашид олон олон Мөсөн өргөөний нээлтээс мэдээлэл бэлтгэх их хүслээр энэ удаагийн сурвалжилгаа өндөрлөж байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

 

 

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ хүүрэнсүгд хийх ажил байхгүйм бн л даа. Энэ их өвчин үхэл ядуурал яанаа энэ үхдэлсэгийг!.
2021-09-30
Зочин:
Хууль бус монголын зэс иддэг Цагаантай Ерөнхийлөгч гар нийлжээ хөөрхий мөнгө өгсөн бх дааа ингэж тэнэгтэж бхаар эмнэлгээр яваач улс хувьгүй хэцүүдлэээ
2021-09-30
Bold:
za bas ch gej yahavdee Hulgai hiisen humuus Sym hiid Suvarga bosgoj baidagiig bodohod
2021-09-30
Баярлалаа, одоо дүүрэг болгонд Дархан Эрдэнэтэд барьж өгөөрэй....
2021-09-30
АРД ТҮМЭН:
Нэг бодлын баярлах шиг.Нөгөө бодлын гутрах шиг.Бүхэл бүтэн бүгд найрамдах улс нь 21 -р зуунд дөнгөж ганцхан мөсөн ордонтой болж байх гэж.Яагаад ийм удаан хөгждөг вм бэ?,,,,,,
2021-09-30
Зочин:
Цагаан танд их баярлалаа.Эрдэнэтийн зэсийн буян тиймээс бөхийн өргөө шиг элдэв арга хэмжээ зохиосон газар битгий болгоорой ямар зохиолын дуучид,сагс тоглох газар мундсан биш,өвлийн спортыхонд өвөл зунгүй ямагт нээлттэй байлгаарай.
2021-09-30
Мундаг
2021-09-30