АН-ынхан эрх баригчдаас шүүхэд итгэх итгэлийг шаардаж байна

Өнөөдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг санан дурсдаг өдөр. АН, ХҮН-ынхан түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр АН-ынхан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар байр сууриа илэрхийллээ.
С.Эрдэнэ:
С.Зоригийн үхлээр олон жил улс төрийн шоу хийж, ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Үүний тод жишээ нь гурван шатны шүүхээс ял шийтгэл авсан этгээд олон нийтийн телевизээр асуудлыг эрээ цээргүй ярьж байгаад харамсаж байна. Энэ хэргийг илрүүлэх цаг хугацаа хангалттай байсан, 23 жил гэдэг бол бага хугацаа биш. 23 жилийн турш Монголын ард түмний тархи толгойг эргүүлж, бусниулсан гэмт хэрэгтнүүд өнөөдөр төрийн толгойд байсан хэвээр л байна. Сонгууль болохоор л С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг АН-тай холбож, харлуулах гэж сөхдөг. Гурван шатны шүүхээр тогтоосон хэрэгтнийг суллаж, тэрүүгээр улс төрийн ашиг хонжоо олох гэж сонгуульд нэр дэвшигчийг гүтгэж байгаа эрх баригчдыг юу гэж ойлгох вэ? Монголын шүүхэд, монгол төрд итгэх итгэл хаана байна вэ?
О.Баасанхүү:
Би АН-ын хууль эрхзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын хувьд ардчиллын үе үеийн удирдагчдыг хорлон устгаж байгаа асуудлыг анхааралтай ажиглаж, чанга дуугарна. 23 жилийн 3 жилд нь АН хууль хяналтын байгууллагыг удирдаж, алуурчдыг илрүүлсэн. Захилагчийг 2016 оны 08 дугаар сард баривчлах тухай яригдаж байхад Засгийн газар өөрчлөгдөж, энэ хэрэг замхарсан. Захиалагчийг олон асуудлыг ойлгож байна. Хамгийн гол нь гүйцэтгэгч нар цагаадаагүй. Би энэ хэрэг нотлогдсон гэдэгт эргэлздэггүй. Хамгийн их санаа зовж байгаа зүйл нь гэрчийг устгах вий, худалдаж авах вий гэдэгт санаа зовж байна. МАН-ынхан гэрч хохирогчийг хамгаалах хуулийг санаатайгаар хүчингүй болгосон.
М.Тулгат:
АН-ын эсрэг сонирхолтой нөхдүүд энэ асуудлаар ашиг хонжоо олох, харлуулах зорилгоор сөхөж гаргаж ирдэг. Яг нөхөн сонгуулийн үер, нэр дэвшигчийн нэр хүнд рүү зориуд халдаж байгаа нь туйлын увайгүй, улаан цагаандаа гарсан эрээ цээргүй үйлдэл гэж харж байна. Иргэд дургүйцэж хүлээж авсан байх.
О.Цогтгэрэл:
Улс төрийн сонгууль бүхний өмнө С.Зориг агснаар улс төр хийдэг. Тэгэх бүртээ нэг улс төрийн хүчин хожиж, АН руу дандаа дайрдаг сонгуулийн хэрэгсэл болж хувирлаа. Хэргийн тухай нарийн мэдээлэлгүй ч Монгол Улсын шүүхэд итгэх ёстой. Шүүхийн шийдвэрийг бүгдээрээ хүлээн зөвшөөрч, хүндэтгэн үзэх ёстой. Шүүхээс буруутай гэж үзсэн хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гавьяа байгуулсан мэт ярьж байгаа нь харамсалтай байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ