Д.Тогтохсүрэн: Эдийн засгийг сэргээхэд чиглэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарч ажиллана
2021-10-04

УИХ дахь МАН-ын бүлэг хурладлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр:

 

-МАН-ын бүлгийн хуралдаанаар намрын чуулганаар хэлэлцэх асуудал болон түүний бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Жагсаалтад орсноор намрын чуулганаар хэлэлцэх 250 орчим хуулийн төсөл бий. Зарим нь шинээр өргөн барьсан, зарим нь нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд байна. Эхний ээлжинд дөрвөн чиглэлд онцгой анхаарч, УИХ-аар хэлэлцүүлүүлэх хуулиудын бэлтгэлийг хангах талаар ярилцсан.

 

Нэгдүгээрт, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч үзэх хэрэгтэй байна. Тухайлбал, Татвар, хөрөнгө оруулалт, МҮХАҮТ-ын, Тусгай зөвшөөрлийн тухай зэрэг хуулиудыг нэн даруй хэлэлцэх шаардлагатай гэж үзлээ.

 

Хоёрдугаарт, 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хийх эрхзүйн шинэчлэлийн олон хууль бий. Үүнийг бас нэн даруй хэлэлцэх шаардлагатай. Үүнд, Парламентын хяналтын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

Гуравдугаарт, 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д хэлэлцэхээр өргөн барьсан. Үүнийг сар гаруйн хугацаанд хэлэлцэж, хуулийн хугацаанд нь батална гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ.

 

Дөрөвдүгээрт, мөрийн хөтөлбөрт багтсан хэд хэдэн томоохон асуудлыг хэлэлцэх юм. Үүнд, Баялгийн сан, Хуримтлалын сангийн тухай, Төрийн болон нийтийн өмчийн тухай, Газрын тухай хууль зэрэг эдийн засгийн эрс шинэчлэлийн томоохон багц хуулиудыг энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэх шаардлагатай байна гэдэгт УИХ дахь МАН-ын бүлэг санал нэгдлээ хэмээв. 

Shuud.mn
Сонин хачин