О.Баасанхүү: Цагдаагийн байгууллага хандлагаа өөрчилмөөр байна

Хуульч О.Баасанхүү иргэн Д.Монголхүүг ямар үндэслэлээр баривчилсан талаарх ЦЕГ-аас өгсөн мэдээлэлд хариу тайлбар хийж байна.
Хуульч О.Баасанхүү “Бид тэвчээртэйгээр анхааралтай ажиглаж байгаа. Иргэн Д.Монголхүүг баривчилсан асуудалд цагдаагийн байгууллага өөрсдийгөө зөвтгөсөн. Хуулийн дагуу арга хэмжээ авсан байдлаар ярьж байгаа. Тухайлбал иргэнийг шөнө албадан баривчилсан ажиллагааг Эрүүгийн хуулийн 23.1 гэдэг заалтын дагуу үйл ажиллагаа явуулсан гэсэн тайлбар өгсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд процессын ажлыг явуулахдаа прокурорын дуудах хуудсаар авч ирдэг. Мөн дуудах хуудас өгсөн ч ирэхгүй байвал албан баривчлах ажиллагааг шүүхийн шийдвэр гарсны дараа хийдэг. Албадан баривчлах ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн бие төлөөлөгч оролцох нь ойлгомжгүй байна. Тэр тусмаа шөнө дунд хойшлуулшгүй баривчлах ажиллагаа явуулах гэж байгаа нь дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй тохиолдолд хийгддэг. Гэтэл Д.Монголхүү Ардчилсан намын томилолтоор Хэнтий аймаг руу сурталчилгааны ажилд яваад буцаж ирэхдээ хоригдсон. Энэ асуудлыг эмзэг хүлээн авч байна.
Мөн иргэн Э.Одбаярыг хорих 461-р анги руу дайрч баривчлагдан хоригдож байгаа этгээдийг булааж авч явсан юм шиг сэтгэгдэл төрөхөөр мэдэгдэл хийсэн. Судална. Ардчилсан нам мөрдөн шалгах ажиллагаанд шууд оролцох эрх байхгүй. Өнөөдрийн мэдээллийг хараад маш их гайхсан. Аливаа хорих байгууллага шүүхийн шийдвэр биелүүлдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад галт зэвсэг хэрэглэх эрх нь байгаа. Өөрөөр хэлбэл, онцгой бүс рүү халдсан тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй. Гэтэл жирийн иргэн терроризм хийсэн юм шиг мэдээлэл цацаж болохгүй. Тиймээс цагдаагийн байгууллагын хуулиа нэн дариу өөрчлөх шаардлагатай болжээ. Цагдаагийн байгууллага хандлагаа өөрчилмөөр байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ