МАН: Сайд нарт хариуцлага тооцох асуудлыг бүлэг хэлэлцэхгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2022 оны төсвийн төслийг хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Улсын 2022 оны төсөвт дүн шинжилгээ хийхээр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна. Ирэх пүрэв гаригт УИХ улсын төсвийг хэлэлцэнэ. Үүний дараа тус ажлыг хэсэг ажиллаж, улсын 2022 оны төсвийг хуулийн хугацаанд батлах нь зүйтэй хэмээн тус бүлэг үзжээ.
МАН-ын бүлэг 2022 оны төсвийг гурван зүйлд чиглэсэн гэж үзэж байна.
-
Орлогыг шахах, төлөвлөх чиглэлээр Сангийн яам нэлээн сайн ажилласан байна.
-
Зарлагыг бууруулах, хэмнэх, оновчтой болгоход анхаарсан байна
-
Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлсэн байна гэдгийг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн орлогыг хөөстэй төсөөлж, тэрэндээ дулдуйдаж зарлагаа тавьж эрсдэлд оруулаагүй. Бодит нөөц орлогоо төлөвлөж, энэ хүрээнд төсвийн зарлагаа тавьсан. Эдийн засгийн голлох секторуудаа дэмжиж байж, энэ хүнд нөхцөлөөс гарна. Ялангуяа, хувийн хэвшил, дэд бүтцийн салбаруудаа дэмжих ёстой. Ингэж байж дараагийн эрсдэлийг даах эдийн засгийг бий болгож чадна. Энэ жилийн хөрөнгө оруулалт хөгжлийн хөрөнгө оруулалт болж байгаа. Барилга байшингаас илүү хөгжлийг бий болгодог, эдийн засгийн суурь дэд бүтцээд дэмжих нь зөв. Тухайлбал, замын бүтээн байгуулалтад 210 тэрбум төгрөг тавьсан. Эрчим хүчний салбарын шинэчлэлийн хөрөнгө оруулалтыг 4-5 дахин нэмэгдүүлсэн. Мөн эрүүл мэнд, боловсролын хөрөнгө оруулалтад онцгой анхаарч байгаа” хэмээн 2022 оны төсвийн онцлогийн талаар товч мэдээлэл өглөө.
МАН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудал хэлэлцэгдсэн үү гэсэн сэтгүүлчийн асуултад Д.Тогтохсүрэн:
-Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудал хэлэлцээгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудал Ерөнхий сайдын бүрэн эрх. УИХ-ын гишүүд, олонх зөвхөн санал хэлэх л эрхтэй. Тиймээс сайд нартай хариуцлага тооцох асуудлыг бүлэг хэлэлцэж, чиглэл өгөхгүй.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ