Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын эдийн засагт 2022 онд үүр хаяарч эхэлнэ гэдэгт итгэлтэй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
...Цар тахлын хүндрэл бэрхшээл Монгол Улсыг тойрсонгүй. Монголчууд бид цар тахлын халдварын ноцтой эрсдэлд орж, экспортын бүтээгдэхүүн тасарч, ачаа тээврийн эргэлт 5-9 дахин удааширч, эдийн засаг -5,3 хувь хүртэл агшиж, төсвийн алдагдал ДНБ-ий 12 хувийг эзэлж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаараа дүйцэж очих хоёр дахь хүндхэн сорилт боллоо.
Цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулах цорын ганц гарц болох бүх нийтийг хамарсан вакцинжуулалтыг цаг алдалгүй зохион байгуулах ажил байлаа. Манай улс энэ оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс вакцинжуулалтаа эхэлж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 мянган хүнийг III тунд хамруулж, 2.6 сая тун вакцины нөөцийг бүрдүүлээд байна.
Эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын тооцоогоор вакцинжуулалтыг өнөөдрийн түвшинд хүргээгүй бол 46 мянган иргэний амь нас эрсдэлд орох аюултай байлаа. Цар тахлын улмаас 2000 гаруй хүний алтан амь эрсэдсэнд Засгийн газрынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Хэдийн нөхцөл байдал амаргүй байгаа ч бид эдийн засгаа сэргээх томоохон зорилтуудаасаа ухарч болохгүй. Цар тахлын хүндрэлийг сөрж, нэгдэн нийлж, хамтын хүчээр хүнд цаг үеийг даван туулах ёстой. Ирэх 2022 оны төсвийг өөдрөгөөр төсөөлж, Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг УИХ-д өргөн бариад байна. Эдийн засагт хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт 2022 онд үүр хаяарч эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өргөн баригдсан 2022 оны улсын төсвийн төслийг гурван онцлогоор товч тоймлон та бүхэн танилцуулъя.
1.2022 оны төсөв бол эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх Хөгжлийн төсөв юм. Бид ирэх оноос хөгжлийн төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг бий болгож, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгаа сэргээх ажлыг үе шаттай хийх болно. Газрын тосны боловсруулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг улс орны эдийн засагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлнэ. Уул уурхайн томоохон төслүүдийн хайгуул олборлолтыг эрчимжүүлж, Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулж, далд уурхайг ашиглалтад оруулахыг эрмэлзэнэ. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 2022 онд багтаан ашиглалтад оруулж, хил холболтын цэгийг эцэслэн тохирно. Хилийн боомтуудыг хатуу хучилттай замтай холбож, аялал жуулчлалын бүс нутгийн замыг шинээр барихад 2022 оны төсөвт 140 тэрбум төгрөг тусгалаа.
2. 2022 оны төсөв бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бий болгох, халамжаас хөдөлмөрт шилжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн суурь реформын эхлэлийг тавина. Энэ зорилтын хүрээнд Хуримтлалтай хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Монгол Улсын 7 сая иргэн ямар нэг байдлаар халамж авдаг бөгөөд энэ нь улсын төсвийн 30 хувийг эзэлдэг. Тиймээс халамжаас хөдөлмөрт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр гарцгүй цаг нь өнөөдөр юм.
3.Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангах бодлогын шинэчлэлийн эхлэлийг тавина. Богд хан уулын төмөр зам, Хөшигийн хөндийн нисэх буудлын дэд бүтцийн асуудал, нийслэлийг тойрсон хурдны замыг ажлыг ирэх онд багтаан эхлүүлнэ.
УИХ-ын гишүүд ээ, та бүхэн мэргэн ухаанаар хандаж, 2022 оны улсын төсвийг баталж өгөхийг хүсье. Эвлэлдэн нэгдэх бүртээ урагшлан хөгжиж, эвдрэн талцах болгондоо уруудан доройтсоныг эцэг дээдсийн буурал түүх нотолдог билээ. Хоосон улстөржилтийг хойш нь тавьж, цар тахлыг даван туулж, дэвшүүлэн тавьсан хөгжлийн зорилтуудаа бодитоор хэрэгжүүлэх, амьдралын чанарын болон хөгжлийн бусад үзүүлэлтээр бүх нутагтаа тэргүүлэх том зорилгын төлөө хамтран ажиллахыг Ерөнхий сайдын хувьд та бүхэндээ хичээнгүйлэн уриалж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ